• 6 сарын 26, Ням
Уншиж байна ...

Цар тахалтай тэмцэх сангийн хөрөнгөөс $7.3 саяыг хулгайлаад зугтсан хэргийн сэжигтнийг Индонез улс Японд шилжүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Сэжигтэн Мицүхиро Танигучи

Жижиг бизнесүүдэд цар тахлыг давахад нь туслах зориулалттай засгийн газрын хөрөнгөөс нэг тэрбум орчим иен ($7.3 сая) хулгайлаад зугтсан хэргийн сэжигтнийг өчигдөр Индонез улсын эрх баригчид Японы талд шилжүүлж өгчээ.

Сэжигтэн 47 настай Мицүхиро Танигучи нь жил хагас орчмын өмнө Индонез рүү зугтсан юм байна.

Өчигдөр түүнийг Токиогийн Нарита олон улсын нисэх буудлаас цагдаа нар баривчлан авч явжээ.

Танигучи энэ сарын 4-ний өдөр Индонезын Лампун мужийн загасны наймаачны эзэмшлийн байрнаас баригдсан юм байна.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрийгөө загасны аж ахуйд хөрөнгө оруулахаар судалж яваа хүн хэмээн танилцуулж байжээ.

Танигучи болон түүний хамсаатнууд засгийн газрын цар тахалтай тэмцэх сангаас дэмжлэг авах 1,700 орчим хуурамч хүсэлт гаргаж, үүнийхээ 960 гаруй хүсэлтэд нь нийт нэг тэрбум иенийг хүлээн авсан гэгдэж байгаа юм.

Хууль бус ажиллагаанд оролцсон Танигучигийн эхнэр, хоёр хүүг тавдугаар сард Японд баривчилж байжээ. Уг хэрэг 2020 оны наймдугаар сард илэрсэн бөгөөд үүнээс хоёр сарын дараа сэжигтэн Индонез улс руу хөрөнгө оруулагчийн визээр зугтсан юм.

 

Эх сурвалж: AFP