• 6 сарын 26, Ням
Уншиж байна ...

Оросын зүгээс халдан довтолбол тулалдахад бэлэн байгаагаа Финландын генерал мэдэгджээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Финланд улс Оросын зүгээс газар нутагт нь халдан довтолсон тохиолдолд тулалдахаар олон жилийн өмнөөс бэлдсэн тул хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадахыг тус улсын зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүн өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Финланд улс зэр зэвсгийн хангалттай нөөцтэйгөөс гадна хамгийн гол нь ард иргэд эх орноо хамгаалах хүсэл эрмэлзэлтэй байгаа нь хамгийн чухал хүчин зүйл болохыг генерал Тимо Кивинен онцолсон байна.

1940-өөд оны үед финүүд 1,300 км урт зурвасаар хиллэдэг зүүн хөрштэйгөө хоёр удаа байлдаж байжээ.

Олон жилийн турш төвийг сахих гадаад бодлоготой явсан Финланд улс Оросын арми Украинд халдан довтолсны дараа НАТО-д элсэхээр сэтгэл шулуудаад байгаа.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тус улс хэний ч хамгаалалтад найдалгүй батлан хамгаалах чадвараа өндөр түвшинд хадгалсаар иржээ.

“Бид Украинд өрнөж байгаатай ижил дайнд олон жилийн өмнөөс системтэй бэлдсэн. Украин улс Оросын хувьд зажлахад хатуу хоол болж байгаа бол Финланд ч бас адилхан байх болно” гэж Кивинен ярьж байна.

Зөвлөлт Холбоот Улстай хийсэн хоёр удаагийн дайнд Финландын зуун мянга орчим иргэн алагдаж, газар нутгийнхаа 10 хувийг алдаж байжээ.

5.5 сая хүн амтай тус улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо 280,000 бол 870,000 бэлтгэгдсэн нөөцтэй юм байна.

Европын олон орон дэлхийн хоёрдугаар дайны дараа хугацаат цэргийн албаны журмаа цуцалж байсан бол Финланд одоог хүртэл хэвээр хадгалж байгаа.

Европтоо хамгийн хүчтэй их бууны зэвсэглэлтэй Финланд улс 370 км хүртэл тусгалтай далавчит пуужингийн хангалттай нөөцтэй болжээ.

Тус улс үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2 хувийг батлан хамгаалах салбарт зарцуулдаг нь НАТО-гийн олон гишүүн орныхоос өндөр үзүүлэлт юм.

Хельсинкийн эрх баригчид АНУ-ын зэвсэг үйлдвэрлэлийн аварга Lockheed Martin компаниас дөрвөн шинэ байлдааны хөлөг онгоц, 64 ширхэг F-35 сөнөөгч онгоц захиалжээ.

Мөн 2,000 орчим дрон захиалж, өөрийн бүтээсэн агаарын довтолгооноос хамгаалах системийг ОХУ-тай залгаа хил дээрээ байрлуулахаар төлөвлөсөн байна.

Тавдугаар сарын 18-нд Финландын батлан хамгаалах яамнаас явуулсан санал асуулгад оролцогчдын 82 хувь нь тус улс гаднын халдлагаас өөрийгөө хамгаалах чадвартай гэж хариулжээ.

Хэдийгээр НАТО-д гишүүнээр элссэн ч “Финландыг хамгаалах үндсэн үүрэг Финландын өөрийнх нь байх болно” гэж генерал Кивинен ярьж байна.

 

Эх сурвалж: Reuters