Дэлхийн нийт худалдааны зээлийн 40 орчим хувь нь хугацаандаа төлөгддөггүй бөгөөд үүнээс 10 орчим хувь нь чанаргүй зээл болдог гэх судалгаа бий.
Үндсэндээ худалдааны санхүүжилттэй холбоотойгоор талууд зээл, авлагын харилцааг үүсгэн бараа, үйлчилгээгээ зээлээр олгож, бизнесийн тасралтгүй үйл ажиллагаагаа хангах явдал түгээмэл байдаг.
Гол асуудал нь зээлээр олгосон бараа, бүтээгдэхүүний авлага хугацаанаасаа хоцрох, бүр төлөгдөхгүй байх зэрэг нь компанийг санхүүгийн томоохон эрсдэлд оруулдаг талтай. Иймээс олон улсад худалдааны зээлийг даатгах үйлчилгээ өргөн хэрэглэгддэг ч манай улсын хувьд санхүүгийн даатгал тэр тусмаа Худалдааны зээлийн даатгал хэмээх ойлголт шинэ хэвээр байгаа.
Тэгвэл энэ бүх асуудлыг шийдэх эхлэлийг Ти Си Эс Глобал ХХК тавьж, Монгол Улсын даатгалын салбарт анх удаа Худалдааны зээлийн даатгал буюу Trade Credit Insurance үйлчилгээг нэвтрүүллээ.
Энэхүү үйлчилгээний нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан бизнесийн байгууллагуудын төлөөлөлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах арга хэмжээг МИГ Даатгал болон Мон Делкреда компаниудтай хамтран өчигдөр амжилттай зохион байгуулсан юм.
Арга хэмжээний үеэр бизнесүүдийн худалдааны зээл болон санхүүжилттэй холбоотойгоор тулгардаг асуудал, мөн худалдааны зээлийн даатгал нь хэрхэн бизнесийн бүх түвшинд үр ашгаа өгдөг төдийгүй компаниудын борлуулалтыг нэмэгдүүлж зах зээлээ тэлэх боломжуудыг нээж өгдөг талаар хэлэлцсэн онцлогтой байв.
Энэ хүрээнд худалдааны зээлийн үйлчилгээнд оролцогч талуудын төлөөллүүдээс сэтгэгдлийг нь сонслоо.
Миг даатгалын ТУЗ-ийн дарга Б.Түвшин "Экспорт, импортоо нэмэгдүүлэхийн тулд худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгч улстайгаа харилцан тохиролцох системт тогтолцоо гэж байдаг. Манай улс ийм тогтолцоогүйгээс болж өнөөдөр худалдаан дээр хүндрэлүүдтэй нүүр тулгардаг. Тэгэхээр бидний нэвтрүүлж байгаа худалдааны зээлийн даатгал нь үйлчилгээ гэхээс илүүтэй нэг төрлийн тогтолцоо хэмээн ойлгож болно.
Худалдааны зээлийн даатгал нь Европын улс орнуудад сайн хөгжсөн. Тухайлбал, Европын нэг компани өөрсдийнхөө орлогыг нотлоод тухайн системд нь зөвшөөрүүлээд өөр нэг компаниас тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр шууд зээлээр авч болдог. Гэтэл манай улсад болдоггүй. Яагаад гэвэл Монгол Улсад орлогыг нь нотолж өгөх худалдааны зээлийн даатгалын тогтолцоо байхгүй. Энэ утгаараа худалдааны зээлийн даатгал нь Монгол Улсын гадаад худалдааг хөнгөвчлөх, тэлэх төсөл юм.
Худалдааны зээлийн даатгалд хамрагдсаар аж ахуйн нэгжүүд бизнесээ тэлэх боломжтой. Платформ дээр бизнесийн орлогоо нотлоод хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдэж байгаад баяртай байна. Бидний хувьд платформд нь хөрөнгө оруулсан" хэмээв.
Мон Делкреда ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Золзаяа "Олон улсын стандартад нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн гаргаж, даатгалын бүтээгдэхүүнээ олон улсын даатгалд давхар даатгуулах боломжтой болохыг хүртэлх ажлыг амжилттай авч яваа МИГ даатгалын хамт олонд юуны өмнө баяр хүргэе.
Даатгалын салбар шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж байгаа нь Монгол Улсын аж ахуйн нэгжүүд болон эдийн засагт маш томоохон өөрчлөлт авчирна гэж хувьдаа харж байна.
Ердийн даатгал гэхээр бид бүхэн албан журмын, хөрөнгийн, эрүүл мэндийн даатгал гэж мэддэг шиг худалдааны даатгал дээр хэд хэдэн төрлийн даатгал байдаг. Жишээлбэл авлагын даатгал. Дараа төлбөрт үйлчилгээгээр барааг харилцагчдадаа нийлүүлсэн тохиолдолд тухайн харилцагч мөнгөө төлж дуустал бараа, үйлчилгээ нь баланс дээр авлага хэлбэрээр байдаг. Ингэхээр харилцагч маань миний мөнгийг хэзээ өгөх вэ гэх зовуурь бий болно. Магадгүй харилцагч авсан барааныхаа мөнгийг янз бүрийн хүчин зүйлээс хамаараад төлөхгүй байж магадгүй шүү дээ. Тэгвэл энэ тохиолдолд даатгалын компани Худалдааны зээлийн даатгалын үйлчилгээг санал болгосноор орж ирж чадахгүй байгаа мөнгийг нөхөн төлбөрөөр олгоно гэсэн үг" гэв.
Худалдааны зээлийн даатгалын үйлчилгээг хэн авч болох вэ?