Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

А.Жанерке: Ангиараа англи хэлээр уншигч болоход XREADING цахим номын сан том хөшүүрэг болсон

ikon.mn
2022 оны 6 сарын 22
Сурталчилгаа

“…..Анх уншихад багш бидний хувьд Англи хэл дээр ном унших нь хэцүү мэт санагдаж, анхны оролцсон уншлагын марафоныхоо 3 долоо хоногийн болзлоо ч биелүүлж чадаагүй. Гэвч бидний хийсэн алхам нь өөрөө том ялалт байсан юм билээ. Уншлагын марафоны дараа бид хэд, хэдэн марафонд оролцож Англи хэлний багш нарт зориулсан Enrichment II хөтөлбөрт өөрсдийгөө сорьж, нэг сургуулийн 4 залуу багш шилдэг 200 багшид шалгарч үлдэж чадсан…” гэх түүнийг А.Жанерке гэдэг. Тэрбээр Нийслэлийн Ерөнхий боловсролын 32-р сургуулийн 10Б ангийн багш бөгөөд анги хамт олноо бүгдийг нь Англи хэлээр уншигч хамт олон болгож чадсан нэгэн юм. Одоо 10Б ангийнхан 11-р ангидаа ангиараа IELTS-ын шалгалт өгөх зорилго тавин бэлдэж эхлээд байгаагаа бидэнд хуваалцлаа.

Ингээд үе тэнгийн бусад ангиуддаа үйлдлээрээ үлгэрлэж буй “Ангиараа англи хэлээр уншигч” хамт олны сайн туршлагыг та бүхэнд хүргэж байна.

- Юуны өмнө анги хамт олноо бидэнд танилцуулаач?

- Сайн байцгаана уу. Намайг Алданишийн Жанерке гэдэг Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн Англи хэлний багшаар 4 дахь жилдээ ажиллаж байна. Миний бие сурах хүсэл тэмүүллээр дүүрэн 30 сурагчийг удирдан ажилладаг ба манай ангид 10 хүү, 20 охин суралцдаг. Шавь нар маань энэ жил 10-р ангиа төгсөж байна.

зураг
 

- Ангиараа уншигч хамт олон, тэр дундаа Англи хэл дээр ном уншигч хамт олон болох эхлэл хэрхэн тавигдаж байсан бэ?

- 2020 оны 8 сард, Лингорс хэмээх цахим номын сангийн талаар найзаасаа анх сонсож байлаа. Тухайн үед сонирхоод л орхичихсон байсан. 2020 оны 11 дүгээр сарын дундаас хойш улс даяар Ковид 19 цар тахал дэгдэж хөл хорио тогтоож байсан даа. Яг тэр үед энэхүү цахим номын сангаар дамжуулж Англи хэлний хичээлээ тасралтгүй сайжруулах боломжтойг олж хараад өөрийн хамтран ажилладаг багш нараа уриалж 5-уулаа нэг баг болж, мөн шавь нартаа санал тавьж, ятгасны эцэст 3 баг бүрдүүлж анхны Англи хэл дээр ном унших багийн уншлагын марафонд оролцож эхэлсэн.

Анх уншихад багш бидний хувьд Англи хэл дээр ном унших нь хэцүү мэт санагдаж, анхны оролцсон уншлагын марафоныхоо 3 долоо хоногийн болзлоо ч биелүүлж чадаагүй. Гэвч бидний хийсэн алхам нь өөрөө том ялалт байсан юм билээ. Уншлагын марафоны дараа бид хэд, хэдэн марафонд оролцож Англи хэлний багш нарт зориулсан Enrichment II хөтөлбөрт өөрсдийгөө сорьж, нэг сургуулийн 4 залуу багш шилдэг 200 багшид шалгарч үлдэж чадсан.

- Одоо ангиараа нийт хэчнээн номыг уншсан байгаа вэ, хамгийн их ном уншсан хүүхэд нь хэдэн ном уншсан байгаа вэ?

Бид анги, хамт олноороо ганцаарчилсан, хосын, багийн гэх зэрэг Англи хэл дээр ном унших 6 төрлийн уншлагын марафонд оролцсон байна. Уншлагын марафонд оролцох бүртээ шавь нар маань бие даан суралцах, багаар ажиллах чадвараа сайжруулаад зогсохгүй бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхэд нь маш том хөшүүрэг болж өгдөг юм шиг санагдсан. Англи хэлээ суралцахаас гадна цагаа зөв зүйлд зарцуулж, цахим хэрэглээгээ хянах боломж бүрдсэн гэж харж байгаа.  Ангийнхан 30 сурагч нийт 2453 ном, 16,239,683 үг уншиж, 1899 цаг цахим ном сонссон ба анги хамт олноороо 2148 цагийн уншихад зарцуулсан байна. Сурагчид маань номын тоо гэхээс илүү, үгийн тоонд анхаарч уншдаг. 10б ангийн сурагч Э.Хүслэн 3,596,499 үг уншсан ба сурагч А.Энх-Амгалан, Р.Арман, Р.Сайран нар тус бүр 1 сая үг уншсан байна. Бусад шавь нар маань ч гэсэн маш тууштай, идэвхтэй, хичээнгүй уншигчид байгаа. Анх ангиараа үүнийг эхлүүлж байхад бүгдийг нь жигд оролцуулах амаргүй байсан ч одоо ингээд бодоход хариуцлагатай, хичээнгүй, тууштай шавь нараараа маш их бахархаж байна.

- Ер нь олон хүүхдийг нэгдсэн журмаар аливаа ажилд хамруулах их том ажил байдаг шүү дээ. Хүүхдүүдээ хэрхэн номд дуртай болгосон бэ?

- Хамгийн анх уншиж эхлэхэд шавь нарт маань хэцүү байсан. Марафондоо оролцож байгаад багшаа би чадахгүй нь бууж өглөө ч гэж хэлдэг байлаа. Ер нь  ангиараа уншигч болоход Багш- Сурагч - Эцэг,эхийн гуравласан холбоотой ажиллах нь маш чухал үүрэгтэй байсан гэдгийг энд заавал хэлэх нь зөв болов уу. Сурагчдынхаа датаг тухайн үед нь татаад оруулчихаар эцэг, эхчүүд хүүхдүүддээ хяналт тавих боломжтой учир, дараа дараагийн уншлага дээр нь сурагчдын хариуцлагыг нэмэгдүүлэхэд түлхэц болсон. Яагаад ч юм багшийн хувьд би шавь нартаа 100% итгэж байсан. Ер нь их итгэл хүлээлгэж, урамшуулж, дэмжихийг хичээдэг. Урамшуулж, дэмжсээр байгаад шавь нарынхаа бие даан суралцах чадварыг маш сайн хөгжүүлж чадсан гэж боддог.

Сурагчдын маань номд дуртай болох хамгийн том шалтгаан нь Xreading цахим номын сангаас сурагчид өөрийн Англи хэлний түвшингээ, төрлөө сонгох боломж олгодогт байсан юм болов уу. Учир нь хүүхэд бүрийн сонирхол өөр. Харин тэр сонирхолт бүрд нь тохирох маш олон төрлийн номууд тус xreading.com цахим санд байдаг.

зураг
 

- Хүүхдүүд нь ямар төрлийн номууд дийлэнхдээ унших дуртай вэ?

- Цахим номын сангаас хүүхдүүд маань хүссэн төрлөө сонгож уншдаг. Сонгодог зохиолууд ч багагүй байдаг нь хамгийн гоё. Манай шавь нарын хувьд адал явдалт, аймшгийн, гэмт хэрэгтэй номуудыг илүү сонирхож уншдаг юм байна лээ. Англи хэл сурна гэдэг нь багш, сурагчгүй академик хэлний чадвараа сайжруулах явдал гэж ойлгодог. Тийм учраас төсөлт ажлын хүрээнд CEENGAGE FOOTPRINT хэвлэлийн компанийн номуудыг бид илүү сонгож уншихыг хичээсэн.

- Төсөлт ажлын талаар мэдээлэл өгөөч, Төслийн үр дүнд анги хамт олонд гарсан өөрчлөлт, ахиц дэвшлийг манай уншигчдад дэлгэрэнгүй хуваалцаач?

- Бид ангиараа Лингорс-оос зохион байгуулсан “Англиар унших аргазүйг дэмжих” төсөлд хамрагдсан. Энэхүү төсөлт ажил нь багш бидний ажлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн маш том ажлын эхлэл болсон юм уу гэж хардаг. Энэхүү төсөлт ажлын хамгийн чухал бүтээгдэхүүн бол бидний шавь нар байсан. Сурагчдад тухайн судалж буй бүлэг сэдэв дээр тулгуурлан бие даан унших даалгавар өгөөд, танхимаар ирэх үед уншсан номынхоо дагуу дасгал ажлыг хамтдаа ажиллаж, ярилцах боломжийг энэ төсөл олгосон. Аливаа зүйлийн эхлэл амаргүй, хэрэгжүүлээд эхэлсэн үед амархан байдаг шүү дээ. Шавь нар маань төсөлт ажлын хугацаанд маш идэвхтэй уншсан ба их биш, бага биш, өдөр бүр тогтмол уншъя гэсэн зарчмаар идэвхтэй уншаад өөрсдийн Англи хэлний бүх чадвараа сайжруулах боломжийг өөрсдөдөө бүрдүүлж чадсан.

- Англи хэл дээр ном унших цахим номын сангийн мэдээллийг мөн анх хаанаас сонсож байв, номын сангийн талаар товчхон мэдээлэл өгөөч? Нэг дор 30 хүүхдийг идэвхтэй байлгах гэдэг чамгүй чармайлт шаардах ажил. Хүүхдүүдийнхээ гүйцэтгэлийг нь хянах, байнгын оролцоотой байлгах дээр таны хувьд хэрхэн ажилладаг вэ?

- Хамгийн анх найзаасаа сонсож байсан ч хэрэгжүүлж эхлэх үед дээр дурдсан Лингорсын хамт олон маш их туслалцаа үзүүлдэг байсан. Ер нь цахим номын санг хэрэгжүүлэхийг хүсдэг багш болгонд чинь сэтгэлээсээ үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, шаардлагатай сургалтуудыг системтэй ордог. Энэхүү баг хамт олны дэмжлэггүйгээр өнөөдрийн бидний бяцхан амжилт бий болохгүй байсан.

Цахим номын сангийн тухайд өөр дээрээ 1500+ номтой. Хялбаршуулсан байдлаар бичигдсэн Англи хэл дээр ном унших цахим номын сан байдаг. Уг номын санг дээр дурдсан Лингорс гэх байгууллага албан ёсны эрхтэйгээр Монголд үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж ажилладаг.

Миний хувьд шинэхэн админ багш болоход бүхий л зүйл хэцүү мэт санагдаж байсан. Цахим номын сангийн талаар бүх зүйлийг нэг бүрчлэн заалгасны дараа багшийн ажлыг хөнгөвчлөх хамгийн шилдэг туслагч болсон шүү. Сурагчдынхаа гүйцэтгэлийг хянахад хялбар, эксел хэлбэрээр датагаа татаад авчихна. Ингээд эцэг, эхчүүддээ тайлагнаад явна. Сурагчдад явцын мэдээг нь танилцуулаад явахаар нэг нэгнээсээ урам авч урагшлаад байдаг юм  билээ.  Багшийн хувьд би өөрөө ч хүүхдүүдээсээ урам их авдаг. Хөл хориотой байх үед манай ангийн сурагч малчны хотноос хүртэл уншиж байсан нь бахархмаар санагддаг шүү. Мөн бид улирал бүр анги, хамт олноороо тодорхой тооны ном уншихаар тохиролцож, улирлын эцэст зорилгодоо ч хүрсэн байдаг. Багш нар биднийг урамшуулж, байнга зөвлөгөө өгч байдаг бүтээлч Лингорсын хамт олондоо үргэлж талархаж явдаг.

- Багш хүний ажлын байран дээрээ байнгын хөгжих хэрэгцээ шаардлагатай байдаг. Таны хувьд өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?

Багш бид өөрсдийгөө заах аргазүйн хувьд, мэргэжлийн ур чадварын хувьд байнга хөгжүүлж байх хэрэгцээ, шаардлагатай тулгарч байдаг. Миний хувьд заах аргазүйн сургалтуудад хамрагдахаас гадна бие даан шинэ аргазүйг туршиж үздэг. Мөн заах арга, ур чадвараа сайжруулахад минь надад хамгийн ихээр тусалдаг хүмүүс бол миний хамт олон. Алдаа, оноог минь хэлээд өгчихдөг туршлагатай сайхан багш нараар хүрээлүүлж ажилладагтаа маш их талархдаг.  Англи хэлний багш миний хувьд өөрийн Англи хэлний академик түвшингээ сайжруулах нэн чухал шаардлагатай гэж үздэг учраас XREADING цахим номын сангаас академик түвшний номуудыг уншиж дуусгасан. Мөн цаашид хэлний чадвараа сайжруулахын тулд олон ажлуудыг төлөвлөсөн байгаа.

- Нөлөөлөл гэдэг их хүчтэй зүйл байдаг. Бусад үе ангиуддаа хэр нөлөөлж байна. Ангиараа Англи хэл дээр уншигч болсны сайн туршлагаа хуваалцсан уу?

Нөлөөлөл үнэхээр хүчтэй. Анх уншиж эхлээд маш олон хүүхдүүдэд санал болгосон ч нийт сурагчдынхаа 20 хувийг л хамруулж чадсан. Эхний уншлагын марафонуудад анги хамт олноороо амжилттай оролцсоны дараа хамтран ажилладаг багш нар маань ч идэвхтэй хэрэгжүүлж, уншигчдын тоог нэмэгдүүлж эхэлсэн. Манай сургууль одоогоор цахим номын сангийн 9 админ багштай, 250 гаруй идэвхтэй уншигчидтай уншигчдын хүрээгээ тэлсээр байна. Цаашид сургуулийнхаа сурагчдын Англи хэлний чадварыг сайжруулахын тулд төсөл хэрэгжүүлэхээр багш нартайгаа төлөвлөж байна. 

- Таны хувьд Англи хэлний багш учраас хүүхдүүдтэйгээ ажиллахад илүү ойр байгаа байх. Ер нь анги даасан багш нар өөрсдөө хүүхдүүдээ бүртгүүлээд уншигч анги болох боломжтой юу, энэ тал дээрх өөрийнхөө туршлагыг бас багш нартаа хуваалцаач?

Зөвхөн Англи хэлний багш нар гэхгүйгээр, анги удирдсан багш нар ч ангиараа уншигчид болох боломжтой. Хэрэв мэргэжлийн бус багш нар өөрсдийн Англи хэлний чадвараа сайжруулангаа ангиараа уншигчид болчихвол ирээдүйд шавь нарт нь болон өөрөө мэргэжлээ дээшлүүлээд явахад дөхөм болох болов уу. Хэдийгээр би бусад хичээл ордог ангийн сурагчдыг удирдан уншуулдаг ч гэсэн яг даасан анги шиг хариуцлагатай нэгэн жигд  авч явж чаддаггүй юм билээ. Тиймээс анги удирдсан багш нараа Англи хэл дээр ангиараа уншигчид болоорой гэж уриалмаар байна. Англи хэлний мэргэжлийн багш нар болон Лингорсын хамт олны туслалцааг аваад энэхүү ажлыг даасан ангийн багш нь удирдаад явбал илүү үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Мөн мэдээж үүнд эцэг эхчүүдийн дэмжлэг маш чухал байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

- Ангиараа бүртгүүлэхийн тулд эхлээд багш нь эрхтэй байх ёстой юу, мөн хүүхдүүдээ багш маань хэрхэн бүртгүүлж болох вэ?

Эхлээд Лингорсын хамт олонд хандаад админ багш болох хүсэлтээ илгээх хэрэгтэй. Хүсэлт баталгаажсаны дараа уншигч  сурагчдаа  оруулахдаа нэгдсэн журмаар багш хураамжаа тушаагаад, мэдээллээ хариуцсан байгууллага руу цахим шуудангаар илгээчихвэл амар санагддаг. Эсвэл багшийн кодыг ашиглан зааврын дагуу сурагч, эцэг, эх өөрсдөө төлбөрөө тушаагаад эрхээ  авах боломжтой байдаг.

- Тун удахгүй зуны амралт эхлэх гэж байна. Одоо ангиараа ямар зорилго тавьсан байгаа вэ?

Ангиараа бид CENGAGE FOOTPRINT хэвлэлийн компанийн номууд болон хувь хүний хөгжлийн номуудаас унших төлөвлөгөөтэй байгаа. Мөн ихэнх шавь нар маань 11-р ангиа төгсөөд олон улсын түвшин тогтоох IELTS-ын шалгалт өгөх зорилготой байгаа тул бид хамт олноороо хугацаа алдалгүй бага багаар шалгалтдаа бэлдэцгээж эхлэх зорилго тавин одоо ээлжит уншлагын марафондоо оролцох гэж байна. Лингорсын зүгээс зуны амралт эхлэх гэж байгаатай холбогдуулан гэртээ хялбар аргачлалаар англи хэлнийхээ унших, сонсох, бичих чадвараа сайжруулахыг хүссэн хүн бүрд зориулсан уншлагын марафоныг 6 сарын 13-аас эхлүүлэх гэж байгаа юм.

- Бидний энэхүү ярилцлагыг уншаад ангиараа уншигч болох зорилгыг тавьж буй бусад үе тэнгийнхэндээ, танай хамт олны зүгээс бяцхан зөвлөгөө өгөөч?

- Хийж, туршиж эхлээгүй үед бүх зүйл хэцүү санагддаг. Цахим номын сангаас Англи хэл дээр ном уншина гэхээр магадгүй та бүхэнд төсөөлөгдөхгүй байгаа байх. Гэхдээ алхам хийгээд уншаад үзвэл, амархан бас үр дүнтэй байх болно оо. Эхлээд ганцаараа, дараа нь хосоороо сүүлд нь багаараа уншаад үзээрэй, битгий шантраарай гэж хэлмээр байна. Ангиараа уншигч болох маш амархан. Их биш, бага биш өдөр бүр тууштай уншаарай. Олон олон уншигч ангийн төлөөлөл болгож ярилцлагадаа урьсан та бүхэнд маш их баярлалаа. 



Та ангиараа англи хэлээр уншигч болох сургууль дээрээ хэрэгжүүлэхийг хүсвэл бидэнтэй доорх мэдээллээр холбогдоорой.

Утас: 75059025, 86080055

Facebook: www.facebook.com/lingors

Email: hello@lingors.com