• 6 сарын 26, Ням
Уншиж байна ...

Нэг хөл дээрээ тэнцвэртэй зогсох чадвар нь ирээдүйн эрүүл мэндийн чухал үзүүлэлт болохыг эрдэмтэд тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нэг хөл дээрээ тэнцвэртэй зогсож чадахгүй байгаа хүнийг ирээдүйд эрүүл мэндийн ноцтой асуудал хүлээж байдаг гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргажээ.

Тухайлбал дунд болон ахимаг насны хүмүүс нэг хөл дээрээ 10 секундийн турш тэнцвэртэй зогсож чадахгүй байвал ойрын 10 жилийн дотор нас барах магадлал чаддаг хүнийхтэй харьцуулахад бараг хоёр дахин өндөр байдаг гэнэ.

Нэг хөл дээрээ зогсох чадвар эрүүл мэндийн чухал үзүүлэлт болдгийг өмнөх судалгаанууд ч харуулж байжээ. Тухайлбал ийм чадваргүй хүн зүрх судасны өвчний эрсдэл, зөнөглөх магадлал өндөртэйг тогтоож байв.

Харин саяхан Их Британи, АНУ, Австрали, Финланд, Бразилын судлаачдын баг хүний үхлийг тэнцвэрийн чадвартай холбосон 12 жилийн судалгааны тайлангаа танилцуулжээ.

Тайлан “British Journal of Sports Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

2008-2020 оны хооронд үргэлжилсэн уг судалгаанд хэвийн эрүүл мэндтэй 51-75 насны 1,702 хүнийг хамруулжээ.

Эхлээд судалгаанд оролцогчдод нэг хөл дээрээ 10 секундийн турш ямар нэг дэмжлэггүй зогсох даалгавар өгсөн байна. Ингэхдээ сул хөлийнхөө өлмийг зогсож буй хөлийнхөө ард байрлуулж, хоёр гараа биеийн хажуу талдаа сул байлгаж, нүдний харцаа эгц урагш чиглүүлэхийг хүссэн гэнэ.

Хоёр хөл дээрээ тус бүр гурав хүртэл удаа оролдлого хийх боломжтой байжээ.

Ингэхэд судалгаанд оролцогчдын 21 хувь нь тэнцвэрээ олж чадаагүй байна. Тэдгээрээс 123 нь дараагийн арван жилийн дотор янз бүрийн шалтгаанаар нас баржээ.

Оролцогчдын нас, хүйс, эрүүл мэндийн байдлыг тооцож үзэхэд тэнцвэрээ олж чадахгүй болсон хүмүүсийн ямар нэг шалтгаанаар нас барах магадлал 84 хувиар нэмэгддэг гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Судалгаанд оролцсон хүмүүс бүгд Бразилын цагаан арьст иргэд байжээ. Тиймээс бусад үндэстэн, угсаатнуудын төлөөлөл оролцоогүй нь судалгааны нэг сул тал байж болохыг эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн байна.

Ямартай ч дундаас дээш насныхны эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцвэрийн сорилыг багтаах нь зөв гэж тэд дүгнэжээ.

 

Эх сурвалж: The Guardian