• 6 сарын 26, Ням
Уншиж байна ...

ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Эбэрхард Цорнтой хэлэлцээ хийв

ikon.mn
2022 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЗХЖШ

Монгол Улсын ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзоригийн урилгаар ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга генерал Эбэрхард Цорн манай улсад ажлын айлчлал хийгээд буцлаа.

Энэ сарын 17-ны өдөр ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг Төрийн хүндэт харуулын хамт ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга генерал Эбэрхард Цорныг хүндэтгэн угтаж, хэлэлцээ хийв.

Уулзалт, хэлэлцээний эхэнд Монгол Улсын ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг "Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, эрх тэгш харилцаа бүхий гадаад бодлогыг баримтлан хэрэгжүүлэх үйлсэд хоёр орны ард түмний хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа чухал түлхэц болж, түүхийн хувьд үнэтэй байр суурийг эзэлж ирсэн, тэр дундаа Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хоорондын ойр дотно харилцаа, хамтын ажиллагаа амжилттайгаар тасралтгүй хөгжиж, харилцан итгэлцэл нэмэгдэж байгаа”-г онцлоод талархал илэрхийлж, амжилт хүссэн юм.

Үүний дараа Монгол Улсын ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга генерал Эбэрхард Цорн нар харилцан санал солилцлоо.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр орны Зэвсэгт хүчний цаашдын харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа Зэвсэгт хүчний Уулын явган цэргийн чадавхыг нэмэгдүүлэх, Герман-Монгол Улсын Зэвсэгт хүчний залуу боловсон хүчнийг бэлтгэх “ПРОФИЛ” хөтөлбөр, энхийг дэмжих ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, цэргийн техник, тоног төхөөрөмжийн засвар, шинэчлэлт зэрэг олон чухал асуудлаар хэлэлцээ хийх тухай мэдээлж байсан юм.

Уулзалт, хэлэлцээнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Ч.Цогтжаргал, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе хурандаа С.Самдангэлэг, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр, Тусгай хүчний цэргийн штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм, ЗХЖШ-ын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн хурандаа Д.Эрдэнэбилэг нар оролцов.

Мөн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ёорн Розенберг, ХБНГУ-ын ЗХЖШ-ын даргын туслах дэд хурандаа Бьёорн Андэрсэн, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Михаэль Россбах, ХБНГУ-аас Монгол Улсыг БНХАУ-д хавсран суугаа Батлан хамгаалахын атташегийн бие төлөөлөгч Клаус Ломаннс, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний уулын явган цэргийн 23 дугаар бригадын Сургалтын бүлгийн дарга дэд хурандаа Ёоханнес Швеглер, ХБНГУ-ын ЗХЖШ-ын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн хошууч Дийркс Ким Кристин, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны протокол хариуцсан мэргэжилтэн, орчуулагч Б.Оюунсүрэн нар оролцсон юм.

 

Эх сурвалж: ЗХЖШ