• 6 сарын 27, Даваа
Уншиж байна ...

"ХАА-н салбарынханд төрөөс олгодог урамшууллаас эрүүл мэндийн болон НДШ-ийг авдаг болгох хуулийг өргөн барина"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүд Хөдөө аж ахуйг дэмжих лобби бүлэг байгуулах тухай, төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал суутган төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Сүүний асуудлаар шийдвэр гаргах ажлын хэсэг орон нутгуудад ажилласан. Улмаар байнгын хорооны тогтоол гараад байна. Малын дэлэн дэх сүүгээр тооцвол маш их сүүний нөөц байгаа. Ийм байтал гадаад улсаас импортоор сүү авчирч сэргээж хэрэглэдэг байдлыг багасгах, сүүний салбарын гол асуудлыг уг тогтоолоор шийдвэрлэсэн. Түүнчлэн уг асуудалтай зэрэгцэн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" гэсэн УИХ-ын тогтоолын төсөл батлагдсан. Сүүний фермерүүдэд гурван хүүтэй зээл олгох, сүүний болон махны чиглэлийн үхрийг импортоор оруулж ирэх, сүүний урамшууллын хугацааг нэмэгдүүлэх зэрэг нь УИХ-ын тогтоолын төслийн хавсралтад батлагдсан. Сүү үйлдвэрлэгч, сүүний фермерүүдэд дэмжлэг болсон чухал шийдвэр гарлаа.

Дараагийн нэг асуудал бол төрөөс олгох урамшууллаас нийгмийн, эрүүл мэндийн даатгалыг шимтгэн тооцох тухай хуулийн төслийг УИХ-ын тамгын газарт нэр бүхий гишүүд хүргүүлээд байна. Малчид, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй хүмүүс бэлэн цалин, сар бүрийн орлогогүй. Үүнээсээ шалтгаалаад сар болгон эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чаддаггүй. Тиймээс тэдэнд улсаас өгч буй татаасуудаас сайн дурын үндсэн дээр бичилт хийх замаар эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлүүлбэл хамрагдалт сайн болно" гэв. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжихтэй холбогдуулж, УИХ-ын түр хороог байгуулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Түүнчлэн хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих бүлгийг байгуулсан. Малчдын эрүүл мэндийн, нийгмийн даатгал, сүүний урамшууллын тогтолцоотой холбоотой хоёр, гурван тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг эхлүүлээд байна. 

Газар тариалан, мал аж ахуй, хүсний үйлдвэрлэл хувийн хэвшлийн дэмжлэг дор өсөн бойжиж буй. Энэхүү салбарыг төрөөс дэмжих, зах зээлийн харилцааг нь өргөжүүлэх шаардлагатай. Энэ чиглэлийн эрх эрх зүйн орчныг сайжруулах, хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих санхүүгийн бодлогыг бий болгож, хөрөнгө оруулалтын хувьд анхаарах зүйл их байна.

Эрүүл хүнс үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинэ хөдөө, дотоодын үйлдвэрлэлийг бий болгоход чиглэсэн ажлыг хэрэгжүүлнэ" гэлээ.