• 6 сарын 26, Ням
Уншиж байна ...

Байнгын асаргаа шаардлагатай хүүхдээ харж буй эцэг, эхийн НДШ-ийг төр даадаг байх зохицуулалтыг хуульд тусгахыг даалгажээ

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургаадугаар сарын 8-нд байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг, эхчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзсан. 

Уулзалтаас бүх шатны Засаг дарга нар, нийгмийн хэлтсийн дарга нарыг оролцуулан Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулах шийдвэр гарсан. 

Өнөөдрийн хуралдаанд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, мөн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нарыг байлцуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг шуурхай шийдвэрлэхийг даалгасан. 

Тус тэмдэглэлд 26 асуудлыг оруулснаас заримыг нь товч дурдъя.

Тархины саажилттай, уналт таталттай хүүхдүүдийн уналт таталтын эсрэг эмийн хангамжийг яаралтай шийдвэрлэж, төлбөрийг төрөөс даах, байнгын асаргаатай шаардлагатай хүүхдүүдийн түгээмэл хэрэглэдэг эмийн асуудлыг шийдвэрлэх талаар Эрүүл мэндийн сайдад даалгасан.

Мөн саажилттай хүүхдүүдийн эцэг, эхчүүд ёзоорын мэдрэлийг таслах хагалгаа хийлгэхээр гадаад улсыг их зорьдог. Энэхүү хагалгааг олон хүүхдэд хүртээмжтэй байлгахын тулд хоёр нэр төрлийн хагалгааг эх орондоо хийх, төлбөрийг төрөөс даах асуудлыг судалж, есдүгээр сард багтан танилцуулж, шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд болон Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа хөдөлмөр эрхлээгүй эцэг эхчүүдийн асуудлыг мөн хэлэлцэж, аль нэг эцэг, эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, 18 нас хүртэл нь төрөөс даадаг байх зохицуулалтыг хуульд оруулахыг надад даалгасан" гэлээ.

Шууд үзэх:
https://fb.watch/dF8cY_FrTU/