Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Чойжамц: Монгол орны аврал бол монголчууд бид өөрсдөө

Д.Гансаруул, Өдрийн сонин
2022 оны 6 сарын 14
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Хамба номун хан, гавж Д.Чойжамцтай ярилцлаа.

- Бурхан багшийн Их Дүйчин өдөр тохиож байна. Жил ирэх бүр энэ өдрийн ач холбогдол, хүрээ улам тэлж байгаа нь харагдаж байна шүү?

- Монголчууд эрт дээр үеэсээ Бурхан багшийн Их Дүйчин өдрийг тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. Ер нь Бурханы шашин шүтдэг дэлхийн улс орнууд бүгд Дүйчинг маш өргөн дэлгэр тэмдэглэдэг ёс заншилтай юм. Сүүлийн үед их өөрчлөлт гарч байгаа.

НҮБ-аас Бурхан багшийн Их Дүйчин өдрийг дэлхий даяараа тэмдэглэх ийм сайхан уриалга гарч, бичиг сачиг нь сайхан батлагдаж, анхны чуулганд нь оролцож үг хэлсэндээ би баяртай байдаг. НҮБ-ын хаш ногоон индрээс Бурхан багшийн Их Дүйчинг дахин тэмдэглэх тэр сайхан хуралд оролцож байлаа. Их сайхан тод санагдаж байна. Монгол бол 1990 оноос хойш их дэлгэр болсоор, улам л дэлгэрсээр байна. Дүйчин урьд урьдынхаасаа улам өргөн дэлгэр болж байна.

Хоёр, гурван сарын өмнөөс Дүйчин өдөрт зориулсан олон янзын үйл ажиллагаа явууллаа. Эрдэм шинжилгээний хурлууд, хүүхэд багачууд, залуусын дунд спорт, соёл бичгийн чигийн олон уралдаан тэмцээн, өдөрлөг хийсэн. Нийгэм рүү хандсан нэлээд ажил хийцгээж байна. Эмзэг бүлгийн иргэдэд тусламж тэргүүтэй сайн үйлсийн аянууд, тэрбум мод тарих ажлыг лам нар дэмжиж мод сайхан тарилаа.

Өмнө нь Бурхан багшийн Их Дүйчинг нэг л өдөр тэмдэглэдэг байсан бол одоо хоёр, гурван сарын өмнөөс бэлтгэж, угтуулж ажил зохиож, хорих ангиудаар лам нар яриа таниулга хийж, нигүүлсэл энэрэл ярих тэргүүтэйгээр энэ өдрийн цар хүрээ өргөжиж, тэлж байна. Үүнд ганцхан Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдээр зогсохгүй Монголын Сүсэгтний холбоо, шашны олон нийтийн байгууллагууд, лам хуварга, сүм хийдүүдтэйгээ нийлээд энэ бүх ажлыг амжуулж байна. Сүүлийн үед аймгууд болоод дүүргүүдийн төв хийдүүд Бурхан багшийн Дүйчинг сарын турш тэмдэглэдэг, бэлтгэл ажил явуулдаг ийм сайхан болсон.

- Өнөө жилийн Дүйчин өдрийн гол онцлог нь гэвэл?

- Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл залагдан ирж байгаа нь энэ жилийн их дүйчин өдрийн онцлог юм. Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл дэлхий дээр цөөхөн байдаг. Энэ нь Замбуутивийн бурхан шашинтнуудын нандин өв шүтээн юм. Энэтхэг улсын Засгийн газрын бүрэн хамгаалалтад байдаг, өөр орон руу залдаггүй, ийм нандин шүтээн залагдан ирж байгаад бид маш баяртай байна. Түүнчлэн Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг дагалдан БНЭУ-ын өндөр дээд албаны зочид хүрэлцэн ирж байгаа.

- Бурхан багшийн гурван зохионгуй давхацсан учир Их Дүйчин хэмээн сүсэгтнүүд ихэд бэлгэшээж, Их Дүйчингийн сар хэмээн буянд шамддаг?

- Их Дүйчин гэдэг бол Бурхан багшийн гурван том үйл явдал давхацсаныг хэлдэг. Манай эриний өмнөх V-VI зуунд Чадагчийн эрхэт Бурхан багш Шагжмүни бээр хамаг амьтны тусыг бүтээхийн тухайтад их бодь сэтгэлээр хувилгаан лагшинг таалан өмнө зүгийн Замбуутивийн оронд эхийн хэвлийгээс лагшин мэндэлж, сансрын хүрдэнд эргэцэн энэлэгсдийг гэтэлгэх үнэн зам мөрийг үзүүлэхийн тухайтад төгс гэгээрлийн хутгийг олж, түүнчлэн хуран үйлдсэний хойно эвдэрдэг ертөнцийн мөнх бусыг сануулахын тухайтад их нирваанд орсон бөгөөд эл гурван их зохионгуй нь зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр давхардан цогцолсон байдаг.

Энэхүү өдрийг монголчууд бид дэлхийн бусад Бурханы шашинтай улс орнуудын адил “Бурхан багшийн их дүйчин өдөр” хэмээн эртнээс эрхэмлэн тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ өдөр бол нигүүлсэл энэрэл, хайраар бие биетэйгээ хандаж, зохисгүй байсан бол бие биенээ хайрлаж, энэрч, эвлэж, нэгдэж, нэгэндээ эвтэй, зүйтэй үгээ хэлж, уучилж, өршөөдөг ийм сайхан өдөр байдаг.

Сэтгэлийн алдаа гарсан бол уучлал хүсэх, “Өршөөгөөрэй, уучлаарай та” гэж хоорондоо цагааддаг. Цаад хүн нь ч “Бурхан багшийн Их Дүйчин өдөр надаас уучлал гуйлаа шүү дээ, ямар сайхан юм“ гэж сэтгэлээ цэвэрлэж авдаг ийм олон сайхан зүйл болдог өдөр. Ард түмэн энэ өдөр аль болохоор уншиж урьж явдаг номоо унш, тарниа тоолоорой.

Бие, хэл, сэтгэл гурвын үүднээс буяны зүгт чиглүүлээрэй. Хийд орон, сүм дуган, Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлд мөргөхөөр явж байгаа бол бие нь буяны зүгт, тарни болоод ном уншиж, эвтэй зүйтэй сайхан үг хэлцэж, эв найрамдал бэлгэдсэнээр хэл нь цэвэршиж, цаана нь сэтгэл цэвэршиж энэ зоргоор бие, хэл, сэтгэлийн ариусал болдог. Тийм учраас энэ өдрийг бүх л амьдралын турш хэвшүүлж авах ёстой ийм дурсамжийн өдөр байдаг учраас хойшид ч энэ ёсоор явбал монголчууд бид гэлтгүй дэлхийн хүн төрөлхтөн бие биетэйгээ найрсаг хандах, ёс зүйтэй, хүмүүжилтэй байх, эв түнжингээ илэрхийлсэн, уучлал гуйсан ийм сайхан өдөр байгаа юм.

Олон зууны турш Бурханы шашин шүтэж ирсэн Монгол оронд энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр, буян хураах өдөр болгосон учир аль болох арван цагаан буяныг бүтээж, арван хар нүглийг тэвчсэн, буяны зүгт сэтгэлээ хандуулсан сайхан өдөр болгож өөрчлөөрэй, сайхан залбираарай.

- Уучлал гуйх зэргээр нэг нэгэндээ сайхан хандаж, эелдэг харьцах нь бие, хэл, сэтгэлээрээ үйлдэж буй бас нэг том буян байх нь ээ?

- Тийм ээ, тийм. Бие, хэл, сэтгэл гурваа сайн зүгт хандуулсан, өс хонзон, хорлолтой сэтгэлээ тэвчсэн, биенээсээ уучлал гуйж өршөөл эрээд, аав ээж дээрээ очоод мэндийг нь мэдэж сайхан баярлуулаад, ахан дүүстэйгээ зөв зохистой харьцахаас авхуулаад, сүүлийн үед Дүйчин өдрөөр мод тарьдаг ч болж. Хэчнээн олон мод тарих тусмаа л бидний амьсгалах агаарыг цэвэрлэдэг, хүн амьтан эрүүл саруул орших ийм сайхан буяны бэлгэдлүүд байна шүү дээ. Тэгээд ядарч яваа нэгэндээ тус хүргэх. Материаллаг болоод оюун санааны аль аль талаас нь бодож буяны зүгт хандах хэрэгтэй юм даа.

- Сүүлийн үед Монголд ирж эргэл мөргөл хийдэг гадаад сүсэгтнүүд, буддистууд ч их болжээ?

- Монгол хүн гэдэг бол азтай, завшаантай, сайн үйлийн үрээр төрдөг юм болов уу гэж боддог. Багаасаа л ингэж боддог байлаа. Лам болоод бурханы шашны ном үзээд ирэхийн цагт тэр бодолдоо маш их итгэл сууж эхэлсэн. Гадаад орнуудад хамбын хувиар маш олон явж үзлээ. Залуучууд сайхан өндөр байшин, барилга, гоё хүмүүсийг харж “Хөгжчихжээ” гээд ирдэг бол хөгширсөн, над мэтийн хүмүүс муу санаа суучихсан.

Чухам амьдрал нь юу байна вэ, энд жаргал гэдэг нь юу байна вэ. Зовлон гэдэг нь юу байна, яажшуу байгаа юм гэдгийг нь ажигладаг болчихдог юм байна. Англид явж байхад дөрвөн тал хашаатай, хашаандаа ногоо тарина. Нэг талд нь ногоо ургачихсан, нөгөө талынх нь ногоо ургаж эхэлж байгаа ч юм уу, тэнд хонь нь ч хүртэл эрх чөлөө муутай. Дөрвөлжин хашаан дотор л эргэлдэж байх шиг. Монголдоо ирээд харахад мал нь тал дүүрэн. Хонь нь тааваараа. “Манай мал нь хүртэл эрх чөлөөтэй юм байна шүү” гэж харагдаж байгаа юм.

Гадаадад явж байхад Монгол шигээ л санаад хамгийн сайхан уул, модтой газарт чинь очвол яасан юм гэхээр “Болохгүй ээ, бүгдийг нь хувьчлаад авчихсан” гэдэг. Торон хашаа татаастай, чөлөөтэй явах газар үгүй. Харин замын хажууд ресторан мэтийн газруудад л орж, тэр хавиар нь харах юм байвал харчхаад явах жишээтэй.

Гэтэл монгол хүн чинь ямар их эрх чөлөөтэй юм бэ дээ гэж бодогдоод харагдсан уул, хаана ч очоод жаргаж чадах юм даа. Ганцхан гэм нь бид өвгөд шигээ байгаль дэлхийгээ хамгаалж, хог сагаа хаяхгүй, нүүгээд явахдаа бууриа цэвэрлээд явдаг ёс заншлуудаа мартжээ. Хаа байгаа газартаа наргиж цэнгэчхээд хог тарихгүй байх юм сан даа. Түүнээс биш монгол хүн чинь үгүй мөн чөлөөтэй юм аа даа гэж бодогдох ухаантай. Хараад байхад эрх чөлөөн дунд амьдардаг, хотод ч хөдөөд ч.

- Одоо ч монголчуудын хувьд амралт, зугаалгын цаг ирлээ дээ. Хөдөөгүүр давхицгаагаад намар л хотод орж ирдэг улс. Ингэж бодохоор дотоод болоод гадаад хүчин зүйлсээрээ ч эрх чөлөөтэй хүмүүс бололтой?

- Уул нь эдийн засаг нягт болчихсон, эдийн засгаа бодож сэхээрдэг улсад бол зуны гурван сар болон намар, хавартаа зүтгэж байж бүтээн байгуулалтаа хийж явдаг газар шороо, хөрсний ажил байна. Уул уурхай, барилгын гэсэн ажлууд чинь улиралтайгаа хамаатай.

Зуны дэлгэр цагт л амралгүй зүтгэж байж хэдэн цаасаа цуглуулж, цалин мөнгөө нэмүүхэн шиг аваад өвлийн бэлтгэлдээ ормоор байтал монгол хүн гэдэг ямар эрх дураараа юм бэ, ажил байхгүй, хөдөө, Хөвсгөл ч явна, Увс ч явна гээд хотын шавааралдаанаас илүү шавааралдаан хөдөө байдаг. Үүнийг хараад монголчууд бид мундаг чөлөөтэй амьдралд дуртай хүмүүс юм байна даа гэж харагддаг. Уг нь энэ цагтаа л ажлаа хийж, хөгжил дэвшлээ авчирч баймаар үе дээ. Эрх чөлөө нь хэтэрчихсэн юм уу даа гэмээр санагдаад гайхдаг.

Корона гарах үед Азийн улс орнуудаас очсон хүмүүсийг гадуурхах байдал харагдсан. Бусдын нутагт амьдрахаар явж байгаа улсуудыг бодоод сууж байхад “Тэд маань хэрхэн жаргалтай байдаг юм бол доо” гэсэн асуулт гарч ирдэг. Эгзэгтэй цаг ирэхэд хүний хүн бол хүний л хүн байдаг юм байна даа.

Гудамжинд явж байхад барьж авч зодчихоод гээд, хамгийн эрх чөлөөтэй гэдэг оронд тийм байдал гарч байхыг харчхаад бид энэ Монгол гэдэг оронтой чинь ёстой нэг цус, мах бүгдээрээ холбогдчихсон байдаг юм байна. Энэ монгол нутаг дээр амьдарч байхад хэн ч намайг хөөхгүй, хэн ч намайг ад үзэхгүй, эднийхээ дунд амьдарч байх нь хамаагүй их жаргал юм байна шүү гэсэн сэтгэгдэл төрсөн.

Бурхан багш “Чи өөрөө өөрийнхөө аврал шүү” гэж хэлсэн. Монгол орны аврал бол монголчууд бид өөрсдөө юм. Гадаадад жаргалтай амьдрал руу явахаас илүү Монголдоо тэр жаргалыг бий болгохын төлөө монгол хүн бүрийн хүчин зүтгэл орж байж, сая Монгол орон дэгжиж дээшлэх юм байна даа. Бидэнд тулсан ажил байна даа, Монгол орны хөгжил, гэр бүл, ажил хөдөлмөр хамаг юм тэгж байж сайжирна уу гэхээс биш сайхан жаргалтай газар руу яваад тэнд жаргая даа гэдэг бодол бидэнд байж болмооргүй юм байна.

Гадаадад байгаа нь ч гэсэн нэг эрдэм сурчхаад Монголдоо ирж хөгжүүлье гэдэг, ажилд явчхаад ажлыг нь сурчхаад Монголоо ингэж хөгжүүлье гэдэг ийм оюун ухаантай байж байж гуравхан сая хүн хөдөлж, сайхан жаргалтай амьдралыг бүтээж чадах юм байна даа гэж бодогддог. Хөгжил дэвшлийг бид бий болгож чадна. Бид зоригтой, хүчтэй, ухаантай байх хэрэгтэй юм байна. Хамгийн гол нь бид хоёр юмыг маш сайн анхаармаар юм байна.

- Ямар хоёр зүйл вэ?

- Нэгдүгээрт, ёс зүйн хүмүүжлийг дээд зэргээр авч явах хэрэгтэй. Ёс зүйгүй бол худлаа хэлдэг, хулгай хийдэг, бусармаг үйл хийдэг бол дэлхийн олон түмэн биднийг үзэхгүй нь ээ. Би хамаагүй. Тэнд гурван сая монгол байгаа. Би гадаадад явж байгаа хүн гээд янз бүрийн бусармаг юм хийхэд тэрнийг сэргийлэх аваачаад байцаагаад монгол хүн гээд мэдээллийн хэрэгслээр зарлаж, хүмүүс мэдчихвэл монголчуудыг ад үзээд эхэлдэг.

Гурван сая хүнийг хаана ч гишгэхийн аргагүй болгож, нүүр царайг нь баллаад хаячхаж байгаа юм. Ийм байдал үүсдэг. Тийм учраас ёс зүйн хүмүүжилтэй бол хаана ч очсон хууль, дүрмийг нь баримталж, хэм хэмжээгээ мэдэж, ёс зүй баримталбал бидэнд гаднынхан итгэх юм байна. Монгол дотроо байгаа нь ч тэр гадаадын улсуудтай харьцахдаа ёс жудагтай байвал дараагийн хөрөнгө оруулалт, дараагийн хөрөнгө оруулагч, мөнгө санхүүжилт, гэрээ хэлцэл ямар ч зовлонгүй орж ирнэ. Монголчуудтай хамтраад юм хийчихвэл баталгаатай даа гэдэг ганц үг дэлхийд мэдэгдэхэд л бид бүгдээрээ буцаад сэргэх юм.

Ёс жудагтай байна гэдэг бол хувь хүнээс авхуулаад албан байгууллага, гадаад дотоод хүнтэй харьцаж байгаа бүх хүнд хамаатай. Ингэж чадлаа л бол дэлхий монгол хүнийг хүндэлдэг болж, монгол хүн, монгол байгууллага гадаадад очоод зээл тусламж авах, төсөл хэрэгжүүлэх, үйлдвэр байгуулахад дэмжлэг хүсэхэд хэн нь ч гүйж ирээд л туслаад өгөх юм байна даа. Тиймээс ёс зүй бол Монголын нийгэмд гарцаагүй хэрэгтэй болчихсон юм байна.

Хоёрдугаарт, мэдлэг. Ер нь улс орон гэдэг бол малаа ч хариулдаг, гудамжаа ч цэвэрлэдэг, машин тэргээ ч барьдаг. Бүх л ажлаа хийж байж улс орон болдог. Цөмөөрөө дарга болдог улс гэж байхгүй. Тийм учраас боловсролын сонголт маш нарийн байх хэрэгтэй байна. Хийж чаддаг, дуртай дуртай ажилд нь хүмүүсээ сургаж тавих, мэдлэгтэй болгох. Тухайн ажилд мэдлэгтэй хүн очихтой зэрэг хөгжил дэвшил ирээд байна. Бүх ажил мэдлэг дээр суурилж байна. Малчин, фермерээс эхлүүлээд дээшээ дарга нь ч мэдлэгтэй байх хэрэгтэй.

Боловсролыг дээд зэргээр хүртэх, мэдлэгтэй болох, боловсролтой болох энэ ажлыг ёс зүйтэй хавсарч хийх. Энэ хоёр хослоод ирэхээр Монгол орны иргэд нь гологдохгүй. Мэдлэг, ёс зүй, хүнлэг чанараараа ч гологдохгүй болоод ирэхээр дэлхийн бүх улс оронд хаана ч очоод ажиллалаа гэсэн ч, хаа ч амьдарлаа гэсэн ч, хаа ч очоод хамтран ажиллах гэрээ байгуулъя гэсэн тэр болгон нь хар аяндаа бүтэх боломжтой болох юм байна.

Тэгж чадахгүйгээр ирсэн хүн болгоныг дээрэмдээд, ирсэн хүн болгоныг хожоод, ирсэн хүн болгоныг хуураад эхэлбэл монголчуудад итгэж болохгүй гээд л тэр хүн ганцаараа биш, дэлхий нийтээрээ тэгж зарлагдана. Дэлхийд зарлагдаад ирэхээр бидний ажил тэртэй тэргүй хумигдах л юм байна. Тиймээс бид бүгд хичээцгээе.

Зураг