Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэс Тавантолгой" дахь Засгийн газрын эзэмшлийн 81.5%-ийн хувьцааны ногдол ашгаас Хөгжлийн Банкны өрийг төлөх хувилбар яригдаж байна

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Хөгжлийн Банкны талаарх хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газраас тус банкны чанаргүй зээлийг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөхдөө Төрийн өмчит компаниудын чанаргүй зээлийг улсын төсвөөс төлөх хувилбарыг Засгийн газар хэлэлцсэн талаар ярьсан

Хөгжлийн Банканд өртэй ТӨК-уудын нэг нь "Эрдэнэс Монгол" компани. Тус компани Хөгжлийн Банканд 155.5 тэрбум төгрөгийн зээлтэй. Үүнийг барагдуулахад "Эрдэнэс Монгол" компанийн эзэмшлийн "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаанд ногдох төрийн мэдлийн хувьцааны ногдол ашгаар зээлийг эргэн төлүүлэх шийдвэр гарсныг Хөгжлийн банкны захирал Н.Мандуул мэдээлэв.

Энэ нь "Эрдэнэс Тавантолгой"-н 14.5%-ийн буюу иргэдийн эзэмшдэг 1,072 хувьцаатай хамааралгүй болохыг тэрбээр тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, төрийн эзэмшлийн 81.5%-ийн хувьцаанд хамаарах хуримтлагдсан ногдол ашгаар толгой компани болох "Эрдэнэс Монгол"-ын өрийг барагдуулах асуудал яригдаж байна.

Хөгжлийн банкны зээлийн нийт үлдэгдэл 3.2 их наяд төгрөг байгаагаас одоогийн байдлаар 243 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдөөд байгааг өнөөдөр мэдээлсэн. 

Мөн тор хорооны хуралдааны үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Манай банк хувийн хэвшлийн зээлийн багц дээр ажиллаж байна. Авлигатай Тэмцэх Газар, Эрүүгийн Цагдаагийн Газар, Дрокурор дэмжлэг үзүүлэн ажиллаж, үр дүн гарч байна. Харин Хөтөл, Кью Эс Си болон төрийн өмчит компаниудын асуудалд Засгийн газар манлайлж, Хөгжлийн банк дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа.  

Засгийн газраас төрийн өмчит компаниудын зээлийн асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд ТОСК-тай холбоотой 201.7 тэрбум төгрөгийн зээл байна. Буянт Ухаа 1, 2, Хөдөлгөөнт цогцолбор гэсэн гурван төсөл байгаа. Засгийн газраас Буянт Ухаа 1, 2 төслийн зээлийн үлдэгдлийг ТОСК үнэт цаас гарган Хөгжлийн Банканд эзэмшүүлэх замаар өрийг төлөх ажлыг төлөвлөж байна. Хөдөлгөөнт цогцолбор төслийн хөрөнгийг зарж борлуулах замаар Хөгжлийн банкны өр төлбөрийг барагдуулахаар төлөвлөж байна. Энэ гурван төслийн асуудал шийдэгдвэл Хөгжлийн банканд 135.1 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан шийдэгдэнэ. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ 3.4 саяар сайжирч, төлбөрийн чадвар 201.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой” гэв.