Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Ундрам: Далд эдийн засагтай болчих вий гэж айсандаа хүүхдэд тогтоох тэтгэмжийг бууруулна гэдэг нь буруу

Р.Хишигжаргал, Өдрийн сонин
2022 оны 6 сарын 3
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.

- Нэр бүхий гишүүдийн хамт таны өргөн барьсан Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиар гэрлэлт хэр хариуцлагажна гэж харж байна вэ?

- Жилд ойролцоогоор 16 мянган гэр бүл гэрлэлтээ бүртгүүлж байгаагаас 3,300 гаруй гэр бүл салж байна гэсэн статистик байна.

2020 оны статистик мэдээллээр 86,500 өрх толгойлсон эцэг, эх байна. Үүний 81 хувийг өрх толгойлсон эхчүүд эзэлж байна. Гэр бүл салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Салалтаас болж хүүхдүүд хайр халамжаар маш их дутаж байна. Мөн мөнгө санхүүгийн хувьд ч их дутаж байна.

Монгол Улсад өнөөдөр гэр бүл салалтаас болж эмэгтэйчүүд бүх ачааг нуруун дээрээ үүрч байна. Салалтаас хамгийн их хохирч байгаа нь хүүхэд учраас бидний өргөн барьсан хуулийн өөрчлөлт бол хүүхэд рүү чиглэсэн, хүүхдийн эрхийг хамгаалсан хууль.

Бидний өргөн барьсан хуулиар нэгдүгээрт, тэтгэмжийн хэмжээг хөндөж байгаа юм. Өнөөгийн хуулиар тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо 0-11 насны хүүхдэд амьдралын баталгаажих доод түвшний 50 хувь буюу ойролцоогоор 120 мянган төгрөг олгодог. Харин 11-16 насны хүүхдэд хэрвээ хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьдралын баталгаажих түвшин буюу ойролцоогоор 240 мянган төгрөг байдаг.

Амьдралын баталгаажих доод түвшинг Үндэсний статистикийн хорооны дарга баталдаг, бүс бүсээрээ өөр байдаг. Бүсчилсэн байдлаас харвал ойролцоогоор 240 мянган төгрөг байна. 11 орчим насны хоёр хүүхэдтэй бол хүүхэд тус бүрд 120 мянган төгрөг буюу сард 240 мянган төгрөгийн тэтгэмж тогтоолгодог гэсэн үг. Нэг хүүхдийн 120 мянган төгрөгөөр нэг сарын хүнс тэжээл, боловсролтой холбоотой хэрэглэгдэхүүн, орох орон байр, эм эмнэлгийн зардал зэрэгт энэ мөнгө cap байтугай долоо хоногт ч хүрэхгүй.

Тийм учраас тэтгэмжийн мөнгөний түвшинг шинэчлэх шаардлагатай байгаа юм. Иймд хувь хүний орлогын албан татварт заасан орлогын хэмжээний 50 хувиас доошгүй байхаар хуулийн өөрчлөлтийн төсөлдөө тусгасан. Өөрөөр хэлбэл, хүүхдэд зарцуулагдах мөнгөний хэмжээг тухайн тэтгэлэг төлөгчийн орлоготой уялдуулахаар заасан. Таван сая төгрөгийн цалин хэрнээ 120 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор тогтоолгосонд гомдолтой байна гэсэн гомдол байгаа юм. Хуульд 120 мянган төгрөг гээд заачихсан юм чинь ямар ч арга байхгүй. Тиймээс тухайн хүний орлоготой нь уях хэрэгтэй. Гадаадад нэг бол зардалтай нь, үгүй бол орлоготой нь уядаг юм билээ.

2021 оны байдлаар 34 тэрбум төгрөгийн тэтгэлэг төлөгдөөгүй хуримтлагдсан байгаа

Зардалтай уяхаар маш их маргаан гардаг юм байна. Тухайлбал, салсны дараа хүүхдээ хувийн сургуульд сургах боллоо гэхэд маргаан дагуулдаг. Тиймээс тухайн хүүхдэд 18 нас хүртэл нь орлогынхоо тодорхой хувийг өгөх нь зөв гэж үзсэн.

Хуульд орсон хоёрдугаарх том өөрчлөлтийн тухайд, тэтгэлэг тогтоолгосон хүмүүсээс тэтгэлгээ төлж байгаа нь 20-хон хувьтай байна. 80 хувь нь төлөхгүй байна гэсэн үг. 2021 оны байдлаар 34 тэрбум төгрөгийн тэтгэлэг төлөгдөөгүй хуримтлагдсан байгаа юм. Тиймээс тэтгэлгийг үл маргах журмаар буюу данснаас нь шууд татаж авдаг байхаар зохицуулсан.

Одоо бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тэтгэмжээ төлөхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцож, хилийн хориг тавих зэрэг бөөн гомдол болж байж 120 мянган төгрөгийн тэтгэмжээ төлж байгаа юм. Энэ байдлаас болж cap бүр маш олон хүмүүс хүүхдийнхээ тэтгэмжийг авч чадахгүй байна. Тиймээс үл маргах журмаар шууд данснаас нь татна гэдэг нь ШШГЕГ-ын ачааллыг ч багасгана. Хүүхдээ өөр дээрээ авч харгалзаж байгаа хүний хувьд ч илүү амар. Авах ёстой юмаа л авч байна шүү дээ. Түүнээс хэн нэгнээс мөнгө авах гээд байгаа юм биш.

- Олон хүүхэдтэй бол яаж тэтгэлэг өгнө гэсэн үг вэ. Хэрвээ хоёр хүүхэдтэй бол орлогынхоо 50 хувийг хуваах юм уу, эсвэл цалингаа тэр чигт нь тэтгэлэгт өгнө гэсэн үг үү?

- Хуулиар 50-иас доошгүй хувь гээд зааж байгаа учраас шүүгч тэтгэлэг тогтоохдоо харгалзана. Тэтгэлэг төлөгч нь хэдэн хүүхдэд тэтгэлэг төлж тодорхой хэмжээнд амьдралд нь хувь нэмэр оруулах вэ гэдгийг харж байгаад ямартаа ч нэг хүүхдэдээ хамгийн доод тал нь 50 хувь гэж байгаа юм. Хүүхдийн тоо, орлого зэргийг харгалзаж үүнээс дээшээ тавьж өгнө гэсэн үг.

- Жишээ нь, өмнө хоёр амьдрал зохиож байсан ч гэдэг юм уу нэг гэр бүлийн бус өөр хоёр хүүхэдтэй бол яаж зохицуулна гэсэн үг вэ?

- Эхний гэр бүл салалт боллоо гэхэд орлогын 50 хувийг хүүхдэдээ өгнө. Шүүгч тэрийг нь харгалзаж байгаад нийт төлж байгаа тэтгэлэг нь орлогын 50 хувиас доошгүй байлгана гэсэн үг. Энэ асуудал хөндөгдөж нийгмийн сүлжээгээр нэлээн явлаа. Зарим хүмүүс дэмжиж байна, зарим эсэргүүцэж байна. Миний бодлоор нийгэмд дохио өглөө гэж бодож байна. Гэр бүл зохиогоогүй хүмүүс нь гэр бүл зохиохдоо бодолтой хандах ёстой юм байна, гэр бүл зохиосон хүмүүст ч гэсэн олон зүйл бодогдуулах шиг боллоо.

- Энэ хуулиас үүдэж гэр бүл зохиохоос айдастай болчих юм биш үү?

- Гэр бүлийг маш сайн төлөвлөж бодож байж бий болгох нь зөв шүү дээ. Одоо бол ерөөсөө бодохгүй хөнгөн хуумгай хандаж байна. Гэр бүл болохгүйгээр хүүхэдтэй болж байна. Гэр бүл болчхоод хэд хэд салаад хаяад явж байна. Энэ асуудал манай улсын хувьд арай л дэндүү түвшинд хүрчхээд байгаа юм.

Гадаад хүмүүс их сайн бодож, төлөвлөж байж гэр бүл болдог. Эр, эм байтугай эрүү толгой салдаг хорвоо гээд хандаад байхаар цаана нь хүүхэд хохирч үлдээд байгаа юм. Тиймээс орлогынхоо тодорхой хэсгийг хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэнд, хүнс тэжээл зэрэг зүйлд зарцуулах хариуцлагаа хүлээдэг л байх учиртай.

Эр, эм байтугай эрүү толгой салдаг хорвоо гээд хандаад байхаар цаана нь хүүхэд хохирч үлдээд байгаа

Монголын хүн ам өсөхөд хувь нэмрээ оруулж байна гэж болохгүй шүү дээ. Та хүүхэдтэй болсон л бол хариуцлага хүлээх ёстой. Таарч нийлэхээргүй салж байгаа бол хүүхдээ өсөж том болтол нь та санхүүгийн хариуцлага хүлээх ёстой.

- Ингэхээр хүмүүс орлогоо нууж эхлээд өнөөх далд эдийн засаг гаарах юм биш үү. Та эдийн засагч хүний хувьд үүнийг хэрхэн харж байна?

- Далд эдийн засгийг байхгүй болгох нь Гэр бүлийн тухай хуулийн үүрэг биш. Үүнийг татвартай холбоотой өөр хуулиудаар зохицуулах ёстой. Яваандаа манай улс татвар, бүртгэл, НӨАТ зэрэг хуулиудаар аль болох далд эдийн засгийг байхгүй болгохыг зорих ёстой. Түүнээс далд эдийн засагтай болчих вий гэж айсандаа хүүхдэд тогтоох тэтгэмжийг бууруулна гэдэг нь буруу.

- Хүүхдийн наснаас хамаарч тэтгэмжийг өөрөөр тогтоож байгаа шүү дээ. Энэ хуулиар хэдэн настай хүүхдэд орлогын 50 хувийг олгохоор зохицуулж байгаа вэ?

- Одоогийн хуулиар 0-11 нас хүртэл ойролцоогоор 120 мянган төгрөг гэж байгаа юм. 12 наснаас дээш тэтгэмжийн хэмжээ жаахан өсдөг. Ер нь хүүхэд 11 нас хүртлээ зардал нь "хямдхан" гэсэн үг биш. Тиймээс бид 0-18 гэж тогтоож байгаа.

- Энэ хуулиар төрөлт хойшлох вий гэсэн болгоомжлол байна. Энэхүү хуулийг боловсруулахдаа энэ чиглэлээрх судалгаа хийсэн болов уу?

- Бидний нэг номерын зорилт бол гэр бүл салалтаас үлдэж хоцорсон хүүхдийг аль болох бага хохиролтой байлгах зорилготой. Төрөлт рүү чиглээгүй. Төрөөд эцэг эхийн салалтаас үлдэж хохирсон хүүхдийг аль болох бага хохиролтой байлгахад чиглэж байгаа юм.

Зураг