Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын банкны холбоо гишүүдээ олон улсын зах зээлд гаргахыг зорьж байна

A.Жаргал
2022 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Монголын банкны холбооноос өнгөрсөн 2022 оны 5 дугаар сарын 23-27-ны хооронд банк, санхүүгийн байгууллага, финтек гишүүдийнхээ төлөөллийг оролцуулан Бүгд Найрамдах Узбекистан улсад ажлын айлчлал хийлээ. Энэ үеэр тус улсын Төв банк, Сангийн яам, Хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг, Мэдээлэл технологийн парк гэх мэт төрийн болон төрийн бус байгууллагуудад зочилж, уулзалт хийсэн юм.

Айлчлалын үеэр тус улсын албаны төлөөлөл Узбекистаны төр, засгаас сүүлийн жилүүдэд баримталж буй эдийн засгаа тэлэх бодлого, цахим шилжилтийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр Монголын банкны холбооны гишүүн банкууд болон финтек компаниуд тус улсын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлэхэд гарч болох эрсдэл, улс төрийн байдал, хууль эрх зүйн орчин, татварын нөхцөл зэргийг анхааралтай судалж байлаа.

зураг
 
зураг
 

Мөн айлчлал үргэлжлэх хугацаанд, Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо Төв Азийн орнуудын төр, засгийн байгууллага, банк, санхүү болон технологийн компаниудыг хамарсан “Plus-Forum 2022 Digital Transformation and Interaction” форум зохион байгуулагдсан. Тус форумын үеэр Төв Азийн орнуудын банк, санхүүгийн салбарын өнөөгийн чиг хандлага, банкны аюулгүй байдал, цахим шилжилттэй холбоотой технологийн шийдлүүд зэрэг сэдвүүдийн хүрээнд танилцуулга, мэдээлэл өгч, оролцогчид санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Уг чуулганд Монголын банкны холбооны гишүүд оролцож, бусад улсуудаас туршлага судлах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, харилцаа холбоогоо өргөжүүлэх боломж тохиосон юм.

Айлчлалын үр дүнд Монголын банкны холбоо, Узбекистаны банкны холбоотой хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, зарим компаниуд түншүүдээ олж, хамтын ажиллагааныхаа суурийг тавьж чадлаа.

зураг