Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаныхан өчигдөр Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллав.
Энэ үеэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун "БШУЯ сургуулийн 20 ширхэг автобусыг 5.4 тэрбум төгрөгөөр худалдан авах тендерийг зарлахдаа “Моннис моторс” компанид давуу байдал үүсгэсэн байж болзошгүй асуудал бий. Энэ талаар гомдол ирсэн үү" гэх сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
Тэрбээр "Хүүхдийн автобустай холбоотой гомдол манай байгууллагад ирсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тухайн байгууллага нь тендерийн нээлтээс 10 хоногийн өмнөөс гомдол гаргах ёстой. Гэтэл тендерийн баримт бичигт 10 хоногоос дотогш хугацаанд өөрчлөлт оруулсан байгаа. Тиймээс бид үүнийг шалгах боломжгүй байгаа юм.
Хэрэв тендерийн бичигт өөрчлөлт оруулсан тохиолдолд тухайн өрсөлдөгчид Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт хуульд заасан хугацаандаа гомдол гаргах боломжийг нь олгох ёстой. Гэтэл тус тендерт гомдол гаргах хугацаа нь олгогдоогүй байсан. Энэ нь хувийн хэвшил гомдол гаргах хугацаатай холбоотой эрх нь зөрчигдөж байна. Энэ үүднээс ШӨХТГ Төрийн худалдан авах ажиллагааны газарт бичиг хүргүүлсэн. Иймд тус газар хуульд нийцүүлэн тендерийг явуулах ёстой.
Хэрвээ өрсөлдөгч байгууллага гомдолтой байгаа бол аль нэг талд давуу байдал олгосон эсэх асуудалд гомдол гаргах эрхийг нь нээж, энэ хугацаанд ШӨХТГ дахин шалгах бөгөөд ингэхэд аль нэг байгууллагад давуу байдал олгосон байвал түүнийг хүчингүй болгуулах буюу тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах нэн шаардлагатай болно" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|