Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Томоохон төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг тендергүйгээр сонгохыг МАН-ын бүлэг дэмжсэнгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Монгол Ардын намын бүлэг ээлжит хурлынхаа талаар мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Энэ удаагийн хурлаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувьчлал хүчингүй болгох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр манай бүлэг завсарлага авсан. Бүлгээс энэ асуудлыг хэлэлцээд хуулийн төсөл дэх хоёр заалтыг авч үзэж, өөрчлөх шаардлагатай гэдэг дээр байр сууриа нэгтгэлээ. Тус хуулийн төслийн 34 зүгээр зүйл буюу “Улс орны нийгэм эдийн засгийн томоохон төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг гэрээ байгуулан сонгоно” гэсэн заалтыг дэмжиж болохгүй гэж үзсэн. Мөн 3.13-т “УИХ-аас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад орсон төсөл, арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж санхүүжүүлэх бол энэ хуулийг дагаж мөрдөхгүй” гэдэг заалт байгаа. Эдгээр заалтуудыг цаашид ажлын хэсгийн түвшинд хасаж, бусад заалтыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.

Хоёрдугаарт, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Төрийн албан шалгалт өгөөгүй иргэнийн төрийн албанд нэг жилийн хугацаатай гэрээгээр авч ажиллуулж болно” гэдэг заалтыг нэлээд анхаарч авч үзэж байгаа. Үүнийг бүлгийн гишүүд дэмжээгүй. Хоёрдугаарт, НҮБ, болон олон улсын байгууллагад ажиллаж байсан хүнийг төрийн албанд шууд ажиллуулж болно гэдэг заалт байсан. Гишүүдийн зүгээс хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжинэ. Харин дээрх заалтуудыг хасах, өөрчлөх нь зүйтэй гэж гишүүд үзсэн.

Гуравдугаарт, Засгийн газраас өргөн барьсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг хэлэлцээд хэлэлцэх эсэхийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Энэ асуудлаар ажлын хэсэг гарч, цаашид үүсэж болох үр дагаврын талаар тогтоолын төсөлд тусгах нь зүйтэй гэж үзлээ" гэв.