Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Путин 2023 онд эрх мэдлээ бусдад шилжүүлэх таамгийг Их Британийн нууц тагнуулын албаны тэргүүн асан дэвшүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Их Британийн нууц тагнуулын алба MI6-ийн тэргүүн асан Сэр Ричард Дирлав ОХУ-ын ерөнхийлөгчийн ирээдүйн хувь заяаны талаар өөрийн таамгийг саяхан дэвшүүлжээ.

Тэрбээр дэлхий дахинд алдартай MI6-ийн тэргүүнээр 1999-ээс 2004 оны хооронд ажиллаж байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Дирлав өөрийн хамтран хөтөлсөн One Decision подкаст нэвтрүүлгийн үеэр энэ таамгаа дэвшүүлжээ.

“Би зориг гаргаад өөрийн таамгийг дэвшүүлье. Миний бодлоор тэр 2023 онд эрх мэдлээ бусдад шилжүүлэх байх. Гэхдээ тэр эмнэлгийн асрамжид шилжиж, дахин Оросыг удирдахгүй болно” гэж тэр ярьсан байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний эрүүл мэндийн асуудал олны анхаарлын төвд байгаа. Өнгөрсөн Ялалтын баярын парадыг үзэхдээ Путин өвдгөө зузаан хөнжлөөр хучиж суусан нь хэвлэлийн дуранд өртсөн юм.

зураг
 

Украины цэргийн тагнуулын албаны дарга, хошууч генерал Кирило Буданов өнгөрсөн долоо хоногт  Sky News сувагт өгсөн ярилцлагадаа Путин бие махбодын болон сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд байгаа, Кремльд түүний эсрэг хуйвалдаан нэгэнт эхэлсэн тухай ярьж байв.

MI6-д Оросын асуудлыг олон жил хариуцаж байсан мэргэжлийн тагнуулч Кристофер Стил саяхан хэвлэлд ярихдаа Путин сүүлийн үед эмчилгээ хийлгэх зорилгоор уулзалтуудаа байнга хойшлуулдаг болсон талаар өгүүлжээ.

Сэр Ричард Дирлавын ярьснаар одоохондоо Путинийг хэн залгамжлах талаар тодорхой төлөвлөгөө байхгүй байгаа гэнэ. Гэхдээ тэр ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевыг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэсэн байна.

Эх сурвалж: Business Insider