Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээний гараанаас бариа хүртэлх тэмцээн өнөөдөр эхэлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж байна.

Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 800 гаруй алба хаагч оролцож байгаа юм.

“Байнгын бүрэлдэхүүний салаа”-аар Зэвсэгт хүчин, ХХЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, ТТХГ, Дотоодын цэргийн штаб, ШШГЕГ гэсэн 8 байгууллага, “Хугацаат цэргийн алба хаагчдын салаа”-аар ЗХЖШ, ХЗЦК, Дотоодын цэргийн штаб, ҮБХИС, ДХИС гэсэн 5 байгууллага, “Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг”-аар Зэвсэгт хүчин, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, ХХЕГ, ОБЕГ, ҮБХИС, ДХИС, Дотоод цэргийн штаб гэсэн 9 байгууллага, “Рот”-оор ЗХЖШ, ХЗЦК, ТХЦК-ын нэгтгэл, ангиудын бүрэлдэхүүн оролцож, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр баг, тамирчдын гарааны өмнөх ажиллагаа, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, норматив бэлтгэлүүдийг нь шалгаж, 23, 24-ний өдрүүдэд гараанаас бариа хүртэлх тэмцээн явагдана.

Тус тэмцээн 2006 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт, тэсвэр хатуужлыг сорьдгоороо онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.