Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Каспаров, Ходорковский нарыг ОХУ “гадаадын тагнуул”-аар зарлалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Шатрын дэлхийн аварга асан Гарри Каспаров

Кремлийн бодлогыг шүүмжлэгчид болох дэлхийн шатрын аварга асан Гарри Каспаров, газрын тосны магнат асан Михаил Ходорковский нарыг “гадаадын тагнуул” ангилалд оруулж байгаагаа ОХУ-ын хууль зүйн яам Баасан гарагт зарлажээ.

Гадаадад амьдардаг энэ хоёр хүнийг Украинтай хэлхээ холбоотой гэсэн үндэслэлээр ийм ангилалд бүртгэх болсноо тайлбарласан байна.

Тухайлбал тэднийг үйл ажиллагаагаа Украин дахь эх үүсвэрээс санхүүжүүлдэг гэжээ.

Одоо 59 настай Каспаров нь сүүлийн бараг арваад жил АНУ-д амьдарч байгаа. 1990-ээд оны Оросын хамгийн том бизнесмэнүүдийн нэг байсан 58 настай Ходорковский одоо Лондон хотод амьдардаг юм.

Путин ОХУ-ын ерөнхийлөгч болсны дараа Ходорковский баривчлагдаж, 10 жил шоронд хоригдож байжээ. Үүнийг Путин төрийн эрхийг авсны дараа улс төрийн өс хонзонгоо авсан хэрэг гэж ажиглагчид тайлбарладаг.

зураг
 
Михаил Ходорковский

Сүүлийн жилүүдэд Ходорковский сөрөг хүчний Нээлттэй Орос байгууллагыг санхүүжүүлж байсан ч улс төрийн дарамт шахалтын улмаас 2021 оны тавдугаар сард татан буугдсан юм.

Каспаров, Ходорковский нар Путиний дэглэм, Украины дайныг идэвхтэй эсэргүүцдэг. Тэд хоёул Баасан гарагт Литва улсын нийслэл Вильнюс хотод Free Russia Forum байгууллагын зохион байгуулсан чуулганд оролцжээ.

Чуулганд оролцсоныхоо дараа Каспаров сэтгүүлчидтэй уулзахдаа Украины дайн улс орных нь ялагдлаар дуусаж, Путиний дэглэм унахад ойрхон болсныг Оросын олон нийт ойлгохгүй байгаа талаар ярьсан байна.

Украинд учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж, дайны гэмт хэрэгтнүүдийг шүүхийн өмнө авчрах хүртэл ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригийг цуцлах ёсгүй гэж тэр бас хэлжээ.

“Хэдийгээр зарим нэг нь хориг арга хэмжээ үйлчлэхгүй байна гэж ярьж байгаа ч үүнд цаг хугацаа хэрэгтэй. Хориг арга хэмжээ Оросын эдийн засгийг боомилж байгаа нөхцөлд ямар ч засгийн газар оршин тогтнож чадахгүй” гэж Каспаров ярьсан байна.

 

Эх сурвалж: Reuters