Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улс Финландад байгалийн хий нийлүүлэхээ зогсоолоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Байгалийн хий нийлүүлэхээ зогсоож буйг Оросын тал мэдэгдсэн тухай Финланд улсын эрчим хүчний Gasum компани өчигдөр мэдээлжээ.

ОХУ-ын эрх баригчид Украины хямралтай холбогдуулан өөрийнх нь эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан орнуудыг “найрсаг бус харилцаатай” хэмээн ангилж, байгалийн хийн төлбөрийг тэднээс зөвхөн рублиэр авах шийдвэр гаргасан юм.

Финланд улс нь рублийн төлбөр тооцоог хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна Оросын аюулаас сэргийлэх зорилгоор саяхан НАТО-д гишүүнээр элсэх өргөдлөө гаргасан.

Gasum компани Оросын талын шийдвэрийг харамсан хүлээж авч байгаа ч хэрэглэгчдэд нь ямар нэг тасалдал үүсэхгүйг амласан байна.

Финланд байгалийн хийн хэрэгцээнийхээ ихэнх хэсгийг ОХУ-аас импортолдог. Гэхдээ тус улсын эрчим хүчний нийт хэрэглээний 10 хүрэхгүй хувь байгалийн хийгээр хангагддаг байна.

“Байгалийн хий нийлүүлэх гэрээгээ цуцалж байгаад бид ихээхэн харамсаж байна. Гэхдээ бид ийм нөхцөл байдалд бэлтгэлтэй байсан тул бүх хэрэглэгчдээ ойрын саруудад байгалийн хийгээр тасалдуулахгүй хангах боломжтой байгаа” гэж Gasum компанийн гүйцэтгэх захирал Мика Вилянен ярьжээ.

Шийдвэрийнх нь талаар Кремлийн хэвлэлийн албанаас тодруулахад “хэн ч хэнд ч үнэ төлбөргүй үйлчлэхгүй нь ойлгомжтой шүү дээ” гэсэн хариу өгсөн байна.

 

Эх сурвалж: BBC