Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээллийг няцаажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск бусдад бэлгийн дарамт үзүүлж байсан тухай мэдээлэл өчигдөр ил болсон юм.

Бизнес Инсайдер сайтын илрүүлсэн энэ дуулиан 2016 онд болж байжээ.

Тухайн үед Маск хувийн онгоцоор нисэхдээ өөрт нь үйлчилж байсан стюардесс эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн юм байна.

Улмаар тэр энэ хэргээ нуухын тулд 2018 онд эмэгтэйд $250,000 төлж байжээ.

SpaceX компанийн эзэмшлийн Gulfstream хувийн онгоц Лондон хотын чиглэлд нисэх үеэр Маск эмэгтэйг өрөөндөө дуудаад бүтэн биеийн иллэг хийж өгөхийг хүссэн гэнэ. Ингэхдээ Маск нүцгэн, зөвхөн доод биеэ алчуураар ороосон байжээ.

Тэрбээр алчуураа авч, хөвчирсөн бэлэг эрхтнээ эмэгтэйд харуулж, биеийг нь илж байсан гэнэ.

Үйлчлэгч эмэгтэй морин спортоор хичээллэдгийг мэдэж байсан Маск хэрвээ бүтэн иллэг хийж өгвөл морь худалдаж авч өгөх санал тавьж байжээ.

Эмэгтэй саналаас татгалзаж, жирийн иллэг хийж өгөөд өрөөнөөс гарсан байна. SpaceX компанийн хувийн нисэх онгоцонд үйлчлэгчээр ажилд орсныхоо дараа эмэгтэй ядаргаа тайлах иллэгийн сургалтад хамрагдсан байжээ.

Маскийн саналаас татгалзсаныхаа дараа эмэгтэй илт гадуурхагдаж, эцэст нь ажлаасаа гарсан байна.

2018 онд тэр SpaceX компанийн хүний нөөцийн албанд гомдол гаргаж байжээ. Тухайн үед Маскийн төлөөний хүн түүнтэй $250,000-ын гэрээ байгуулж, энэ талаар дахин гомдол гаргахгүй, олон нийтэд дэлгэхгүй байхаар тохиролцсон гэнэ.

Уг мэдээ нийтлэгдсэний дараа Илон Маск твиттер хуудсандаа “ор үндэсгүй худал мэдээлэл” хэмээн няцаажээ.

“Миний эсрэг гаргасан цуурхлыг улс төрийн нүдээр харах хэрэгтэй. Энэ бол тэдний жишиг болсон жигшүүрт арга барил. Гэхдээ миний сайн сайхан ирээдүйн төлөө, таны үг хэлэх эрх чөлөөний төлөө хийж буй тэмцэлд юу ч саад болохгүй” гэж Маск бичсэн байна.

Өөрөөр хэлбэл Твиттер сошиал платформыг худалдан авч, үг хэлэх эрх чөлөөний индэр болгох гэсэнд нь улс төрчид саад хийх зорилгоор ийм дуулиан дэгдээсэн гэж тэр үзэж байгаа аж.

Дараа нь тэр Бизнес Инсайдер сайтад тодруулга өгөхдөө “Хэрвээ би бусдад бэлгийн дарамт үзүүлэх хандлагатай хүн байсан бол миний 30 жилийн карьерын түүхэнд ганцхан ийм тохиолдол илрэхгүй. Өөр олон тохиолдол яригдах ёстой. Тиймээс энэ бол улс төрийн явуулга” гэж ярьжээ.

Илон Маскийн тухай дуулиан дэгдсэнтэй холбоотойгоор Баасан гарагийн арилжааны үеэр Тесла компанийн хувьцааны ханш 6 хувиар унасан байна.

 

Эх сурвалж: The Guardian