• 6 сарын 28, Мягмар
Уншиж байна ...

ОХУ-ын парламент цэргийн насны хязгаарыг нэмэгдүүлэх хуулийн төсөл хэлэлцэх гэж байна

Т.Давааням, ikon.mn
2022 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын парламентын гишүүд цэргийн насны хязгаарыг нэмэгдүүлэх хуулийн төсөл боловсруулжээ.

Эрх баригч Нэгдсэн Орос намын хоёр хууль тогтоогч ийм хуулийн төслийг хэлэлцүүлэхээр парламентдаа өргөн барьсан байна.

Одоогоор ОХУ-д 18-40 насны эрчүүд, 18-30 насны гадаадын иргэдийг гэрээт цэргийн албанд элсүүлэхийг зөвшөөрсөн хуультай байдаг.

“Өндөр нарийвчлалтай зэвсэг техникийг ашиглахад тусгай мэргэжлийн хүмүүс хэрэгтэй байдаг. Туршлагаас харахад 40-45 насныхан энэ шаардлагыг хамгийн сайн хангаж байна” гэж хуулийн төсөл санаачлагчид мэдээлжээ.

Үүнээс гадна шинэ хууль батлагдсанаар эрүүл мэнд, инженер техник, харилцаа холбооны салбарын туршлагатай мэргэжилтнүүдийг цэрэгт дайчлахад хялбар болно гэж тэд тайлбарласан байна.

Өрнөдийн ажиглагчид үүнийг ОХУ-ын арми Украины фронтод хүн хүчний дутагдалд орсны илрэл гэж дүгнэжээ.

Хоёрдугаар сарын сүүлээр Украинд халдан довтлохдоо ОХУ хуурай замын цэргийн хүчнийхээ 80 орчим хувийг дайчилсан гэж өрнөдийн албаныхан тооцоолсон нь бий.

Бараг гурван сарын дараа үүнийхээ гуравны нэгийг алдсан байх өндөр магадлалтайг Их Британийн цэргийн тагнуулын алба саяхан мэдээлж байв.

Үүнээс гадна Оросын цэргүүд сэтгэл зүйн асуудалтай тулгарч, янз бүрийн аргаар байлдахаас татгалзаж буй тухай баримтууд ил болсоор байна.

 

Эх сурвалж: The Guardian