• 6 сарын 28, Мягмар
Уншиж байна ...

Оросын чөлөөт бөхийн холбоо Монголын бөхийг цохиж унагасан Теблоевт хатуу шийтгэл оноохоо амлажээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Москва хотод болж буй Иван Поддубныйгийн нэрэмжит чөлөөт бөхийн мэргэжлийн лигийн тэмцээнд Монголын бөхчүүд Буриадын багийн нэрийн өмнөөс оролцож байгаа билээ.

Пүрэв гарагт болсон 125 кг-ын жингийн шөвгийн наймын барилдаанд ОУХМ М.Лхагвагэрэл өрсөлдөгч бөхдөө цохиулсан хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Дэвжээн дээр дүрмийн бус үйлдэл гаргасан бөх нь ОХУ-ын Умард Оссетийн бөх Ацамаз Теблоев байсан юм.

Өчигдөр спортын Match TV сувагт өгсөн ярилцлагадаа ОХУ-ын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили дүрмийн бус үйлдэл гаргасан бөхдөө хатуу хариуцлага тооцохоо амлажээ.

“Би энэ явдлын талаар сайн мэдэж байгаа. Үнэхээр ичмээр хэрэг. Бид иймэрхүү явдлыг арилгахын төлөө хатуу аргаар тэмцэхийг хичээж байна. Тамирчин болон түүний төлөөлж буй орон нутгийн холбоонд хамгийн хатуу арга хэмжээ авах болно. Би өнөөдөр Монголын Чөлөөт бөхийн Холбооны ерөнхийлөгчтэй уулзсан. Бид Монголын төлөөлөгчдөд маш их талархаж байгаа. Тэд бүх саад бэрхшээл, хязгаарлалтыг давж, хангалттай олуулаа оролцож, шигшээ барилдаанд хүртэл шалгарлаа. Гэтэл ийм таагүй уур амьсгал үүссэн нь харамсалтай” гэж Мамиашвили ярьсан байна.

Тэрбээр Лхагвагэрэлийн биеийн байдал хэвийн, дараагийн шатны барилдаанд оролцох боломжтойг энэ үеэр хэлжээ.

Сүүлд авсан мэдээллээр манай бөх 125 кг-ын жингийн дэд байрыг эзэлж, мөнгөн медаль зүүсэн байна.

 

Эх сурвалж: Match TV