Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Дамдинсүрэн: Автобус компаниуд өөрийгөө санхүүжүүлдэг хэвээр байсан бол нийтийн тээврээр зорчих үнэ ₮1,500 байх байсан

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос Нийтийн тээврийн үйлчилгээний тулгамдсан асуудлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тус холбооны төлөөлөл “Улаанбаатар Смарт карт компани сүүлийн үед хэд хэдэн удаа хэвлэл мэдээллээр хэрэгслээр нийтийн тээврийн эрхлэгчид рүү дайраад эхэллээ.

Анх тухайн компани 2015 оноос долдугаар сард Улаанбаатарын хотын нийтийн тээврийг ухаалаг системтэй болгоно гэж хууль дүрмийг зөрчиж гарч ирсэн.

Нийтийн тээвэр ухаалаг системд шилжих үед төр, хувийн хэвшлийн нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүд улсын төсвөөс нөхөн олговор буюу хөнгөлөлттэй зорчдог ахмад настай, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зардал гээд нийт 53 тэрбум төгрөгөөр санхүүжиж, бусад орлогоо өдөр тутмын орлогоосоо олдог байсан.

Энэ компани орж ирснээс төсвөөс гардаг байсан мөнгө гурав дахин өссөн бөгөөд шугамын орлого өдөр бүр унаж байна.

Тухайлбал, Тэнүүн-Огоо компани 2015 онд 30-35 сая төгрөгийн орлого өдөртөө олдог байсан бол өнөөдөр Улаанбаатар Смартын хуваарилсан 6-8 сая төгрөгийг өдрийн орлого болгон авч байна.

Уг нь тухайн компани ухаалаг систем нэвтрүүлж байгаа бол карт зардаг бүх цэгээ хариуцдаг байх ёстой. Гэтэл тэр цэг нь хангалттай биш учраас иргэд сүүлдээ картаа цэнэглээ, худалдаж авахаас залхаж эхэлсэн буюу тасалбарын борлуулалтын орлого нь унасан. Одоо зорчигчид туулайчлах нь ихсэж, хандивын автобус нэртэй болсон. Үүний буруу нь тээвэрчид болж, хохирох нь.

2015 оноос өмнө автобус кондуктортой байхад компаниуд өөрсдөө тухайн өдрийн орлогоо авдаг байсан. Харин Улаанбаатар Смарт компани бид бүх орлогыг ухаалаг системээр шийдээд өгнө гэсэн ч өнөөдөр маш хүнд байдалд оруулчихлаа.

Тэд БНСУ-аас зөвхөн автобусанд тавих төхөөрөмжийг нь хэдхэн солонгос хүнээр дамжуулж оруулж ирсэн. Нийтийн тээврээ нэг цогц санхүүгийн системтэй болгох энэ зэргийн ажлыг монгол ай ти инженерүүд хямд зардлаар хийчихнэ.

Тэд нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлсэн учраас тээвэрчид ажлаа хаяхаа больчихсон гэх утгатай зүйл ярьж байна. Ухаалаг систем нийтийн тээвэрт бий болохоос өмнө бид өөрсдөө орлогоос санхүүждэг байсан учраас тарифын үнээ нэмүүлэх гэж ажил хаядаг байсан юм. Орлогоо олж чадахгүй байсан учраас. Түүнээс Улаанбаатар Смарт карт компани ухаалаг системтэй болгосноор бид ажил хаяхгүй байгаа юм биш.

Яг үнэндээ нийтийн тээвэрт явдаг хувийн аж ахуйн нэгжүүд бүгд шатахууны өрөнд орчихсон хүнд байдалд байна. Үүний хажуугаар худлаа ярьж, ярьчхаад адаг сүүлд нь бид нарыг иргэдийн өмнө хулгайч жолооч нартай ААН-үүд мэт харагдуулж, өөрсдөө сайн ажиллаад байгаа мэтээр ойлгуулж байгааг няцаах гэж өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байна” гэв.

"Автобус компаниуд өөрийгөө санхүүжүүлдэг хэвээр байсан бол нийтийн тээврийн үйлчилгээний тариф 1,500 төгрөг байх байсан"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн “Улаанбаатар Смарт карт компани автобуснуудыг шугамд явж байгаа эсэхийг бүртгэдэг JPS-тэй болгох, шугамын орлогыг цахим төлбөрийн системээр төвлөрүүлэх үүрэгтэй гарч ирсэн. Одоо эхний үүргийнхээ буюу JPS-ээс хянах технологийн 90-ээд хувийг биелүүлж байгаа. Харин шугамын орлогыг хурааж төвлөрүүлэх үүргээ одоог хүртэл биелүүлж чадахгүй байгаа.

Анх буюу 2015, 2016 онд нийтийн тээврийн орлого гайгүй байсан. 2017 онд бүр жилд 50 тэрбум төгрөгийн орлого олсон. Гэтэл өнөөдөр 21 тэрбум төгрөг болтлоо буурсан.

Шугамын орлого 60 хувиар унасан гэдэг нь үнэн бодит тоо. Энэ нь нийслэлийн төсвөөс 30-40 тэрбум төгрөгийн илүү зардал гарч байгаа гэсэн үг. Харин бусад буюу зардал 100 гаруй тэрбумд хүрсэн гэдэг нь ханшийн зөрүүгээс болж байгааг зөв ойлгох ёстой.

Тодруулбал, өнөөдөр автобусаар нэг зорчигчийг тээвэрлэх зардлыг бодитоор нь тооцоолбол 1,500 төгрөг болно. Харин сүүлийн зургаан жилд нийтийн тээврийг машин цагийн зардлын санхүүжилтийн тогтолцоонд оруулснаар иргэд санаа амар 500 төгрөгөөр нийтийн тээврээр зорчиж болж байгаа. Энэ бол нийслэлээс иргэдийнхээ төлөө хийж буй арга хэмжээ юм.

Хэрвээ автобус компаниуд өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг зарчмаар явж байсан бол нийтийн тээврийн үйлчилгээний тариф 1,500 төгрөг байх байсан. Энэ бүхэн зардалд нөлөөлж байгааг зөв ойлгох ёстойг энэ ташрамд хэлье.

Бид Улаанбаатар компанид нийтийн тээврийн орлогыг нэмэгдүүлэх талаар 2016 оноос хойш маш олон санал тавьсан ч огт авч үздэггүй. Тухайлбал, бөөний үнэтэй, урьдчилсан төлбөрт карт гарахыг хүссэн. Ингэхэд том хүний 25,000 төгрөг, хүүхдийн 8,000 төгрөгийн карт гаргачхаад түүнийгээ нийтэд огт сурталчилдаггүй.

Анх уг нь тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл өдөрт картаа цэнэглэж байгааг орлогыг тэр өдөрт нь компаниудад хуваарилаад өгөх тухай хэлж байсан. Хэрвээ тэгсэн бол хэн ч ямар нэг байдлаар ашиглах боломж гарахгүй байсан. Гэтэл тус компани системээ хэрэгжүүлэхдээ иргэдийн картаа цэнэглэсэн орлогыг бус тухайн өдөр автобусанд уншуулсан орлогыг орлого гэж үзэхээр зүйл гаргаж ирсэн.

Тухайлбал, өнөөдөр иргэд хоёр сая төгрөгөөр картаа цэнэглэсэн бол автобусанд уншуулсан нь 500,000 төгрөг. Тиймээс үлдсэн 1.5 сая төгрөгийг орлого гэж үзэхгүй дансанд нь үлдээдэг.

Бидний тооцоолсноор иргэдийн смарт картны үлдэгдэл бараг гурван тэрбум төгрөгт хүрсэн байгаа. Хамгийн сүүлд 2017 онд 1.8 тэрбум байсан бөгөөд 2017 оноос хойш энэ үлдэгдлийн тухай мэдээллийг нууцлаад өгөхөө больчихсон.

Би өнөөдөр 10,000 төгрөгөөр картаа цэнэглэхэд тэр орлогыг өнөөдөрт нь орлого гээд үзчихвэл ямар ч үлдэгдэл гарахгүй, тэндээс хэн ч ашиг харахгүй. Гэтэл цэнэглэчихсэн 10,000 төгрөгөөс 1 удаа суулаа гэж уншуулахад 500 төгрөг нь л орлого болж орж байгаа юм.

Тэгээд тэр системийг нь хянах боломж огт байхгүй. Бүгд БНСУ-д байдаг. Өөрөөр хэлбэл, цэнэглэлтээсээ хэд нь уншуулаад явсныг шалгах ямар ч боломж Монгол Улсад байхгүй"  гэв.

Түүнээс гадна тэд "Нийтийн тээврийн парк шинэчлэлтэд 590 автобус оруулж ирнэ гэсэн ч хэдийг ч хувьчлах нь одоогоор мэдэгдээгүй байна. Уг нь хэн хэндээ хар үүсгэхгүй гэвэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөллийг худалдан авч байгаа автобус дээрээ хяналт оруулаад явах ёстой. Гэвч одоо ямар автобус, ямар үнээр, хэрхэн орж ирж байгаа нь тодорхойгүй байгаа" тухай хэллээ.

Өнгөрсөн Лхагва гарагт Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Хотын дарга Д.Сумъяабазар "Нийслэлийн нийтийн тээвэрт 130 тэрбум төгрөгийн нэмэлт татаас смарт карттай болсноор нэмэгдсэн тул хэрэглээнээс смарт картыг хална” хэмээн мэдээлсэн юм.

Харин Улаанбаатар Смарт карт ХХК тус мэдээллийг няцаасан мэдэгдлийг өчигдөр хийхдээ "Нийтийн тээврийн зардал өссөн нь хяналт сул, автобусны маршрут оновчгүйгээс шалтгаалсан болохоос смарт карттай огт холбоогүй" гэсэн юм.