Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дээд шүүх АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгэх асуудлыг хэлэлцсэнгүй

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Дээд Шүүх Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан Намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэхээр товлосон байв.

Гэвч АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир нар өнөөдөр материалаа татах хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн тухай мэдээлж байсан.

Дээд шүүх уг хүсэлтийг хүлээн авч АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгэх асуудлыг хэлэлцээгүй байна.

Дээд шүүхийн мэдээлэл:

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр боллоо.

Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очироос Улсын дээд шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 03/34 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг хүлээн авч, намын бүртгэл хөтлөхтэй холбогдсон бэлтгэл ажиллагааг явуулах, нийт шүүгчийн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас баталсан “Улс төрийн намын бүртгэл хөтлөх” журмын дагуу гүйцэтгэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар захирамжаар уг өргөдөл болон бусад асуудлыг хянан хэлэлцэх нийт шүүгчийн хуралдааныг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутад товлон зарласан.

Хуралдаан болох өдрийн 10 цаг 20 минутад Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 02/116 дугаар бүхий /огноолсон/ албан бичгээр Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 08/01 дугаар тогтоолоор “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд хэлэлцүүлэлгүйгээр эргүүлэн авахаар шийдвэрлэсэн тул хүсэлт, түүнд хавсаргаж ирүүлсэн 55 хавтас материалаа буцаан авахыг хүсжээ.

зураг
 

Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг нийт шүүгчийн хуралдаанд хэлэлцүүлэлгүйгээр буцааж авахаар хүсэлт  гаргасныг хүлээн авч, “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлт гаргаагүйд тооцож, хүсэлт, 55 хавтас материалыг буцаан хүргүүлэхээр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас шийдвэрлэв.