Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Мэндбаяр: Хөөмий, монгол өв соёлд хайртай хэн бүхнийг тавдугаар сарын 27-нд "Хүн" театрт хүрэлцэн ирэхийг урьж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уран бүтээлч Ж.Мэндбаяр Монгол Улсад анх удаа хөөмийн пянз гаргаж байгаа талаараа Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Монгол хүний хөөмийн анхны пянз цомгийн баяр тавдугаар сарын 27-ны 18:00 цагт Скай ресортын "Хүн" театрт болох юм байна. 

Нарийн хөөмийд суурилсан бүтээл дээр ажилламаар байна гэдгээ хэлж байв

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжмийн продюсер Д.Түвшинсайхан "Орчин цагт хөөмийгөөр Монголыг таниулах, ард нийтийг энэ урлагийн талаар ойлголттой болгохоор энэхүү бүтээлийг хийх санаа өөрт нь төрсөн гэж ойлгож байгаа. Уран бүтээлч маань 2017 онд уулзахдаа нарийн хөөмийд суурилсан бүтээл дээр ажилламаар байна гэдгээ хэлж байв.

Ингээд их сургуулийн Хөөмийн ангийн анхны төгсөгч учраас олсон боловсролоо харуулах талаар ярилцаж, нарийн хөөмийг гол төв байлгая гэж шийдсэн.

Мөн инновац, уламжлалт бүтээлийг нэмэх зэргээр олон талын өнгө төрхийг оруулсан бүтээл нь үзэгчдийн гар дээр хүрэхэд бэлэн болоод байна" хэмээн ярилаа.

Тавдугаар сарын 27-нд хөөмийн анхны пянз, CD гарч буй хүндэтгэлийн баяр болно

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

СУИС-ийн хөгжмийн урлагийн багш Г.Ганцэцэг "Хөөмийч Ж.Мэндбаяр 18 жил энэ урлагаар явж байна. Хүн аливаа мэргэжлийг сонгож аваад түүнийхээ төлөө зүрх сэтгэлээ зориулж, үр шимийг хүртэх нь хамгийн чухал байдаг. Хөөмийн урлаг байгальтай маш их холбоотой. Бид 2018 онд хөөмийгөөр 40 мянган жилийн тэртээх хүмүүс галыг дагаснаар өнөөдрийн шинжлэх ухааны ололт амжилтад хүрсэн гэдгийг илэрхийлсэн.

2004 онд хөөмийгөөр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхээр сургалт явуулж эхэлсэн. Энэ үед хоёр бадаг ардын дууг хөөмийлөх төдий ардын урлагийг боловсролын системд оруулах нь гээд дэмжихгүй нь их байлаа.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд хөөмийгөөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэсэн нь зөв алхам болсон гэдгийг олон зүйлээр нотолж байна. Тухайлбал хөөмийн анхны төгсөгч Мэндбаярын тоглолт харуулна. Мэндбаяр дан хөөмийгөөр пянз, CD хоёрт хосолсон байдлаар уран бүтээлээ бичүүллээ.  Хөөмийн төрөл 8-12 байдаг гэж судлаачид үздэг. Түүний уран бүтээлд хархираа, исгэрээ хоёроор уран бүтээлээ туурвисан.

Тавдугаар сарын 27-нд хөөмийн анхны пянз, CD гарч буй хүндэтгэлийн баяр болно. Энэ баярт бүх хөөмийчид, гадаад, дотоодын хөгжим судлаачид ирнэ. Хөөмий сонсох хүсэлтэй хүмүүсийг тавдугаар сарын 27-ны 18:00 цагт Скай ресортын Хүн театрт хүрэлцэн ирэхийг урьж байна" хэмээн ярилаа.

Эмэгтэй хөөмийчийн төлөөлөл болж уран бүтээлч н.Шижирмаа оролцоно

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тоглолтын найруулагч н.Энхгэрэл "Хөөмийн баярын үеэр шилдэг тоглолтууд болно. Тухайлбал эмэгтэй хөөмийчийн төлөөлөл болж уран бүтээлч н.Шижирмаа оролцоно. Мөн бүжгийн урлагийнхан бүтээлээ толилуулна. "Хүн" театрын тайзны заслын хувьд монгол гэрийн өвөрмөц зохион байгуулалтыг орчин цагийн тайзны аргаар хослуулж, орон зайн хувьд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чаддаг. Үндэсний өв соёлыг дэргэд нь байгаа юм шиг сонсох боловч нөгөө талдаа шинэлэг амьд тоглолтыг үзэж таашаах боломж гарч байгаа юм. Уран бүтээлийг хийсэн багийнхан оролцох ёслолын арга хэмжээнд дахин урьж байна".

Миний пянзыг гаргахад тусалсан багш, найруулагч нартаа баярлалаа

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

СТА Ж.Мэндбаяр "Миний пянзыг гаргахад тусалсан багш, найруулагч нартаа баярлалаа. Энэ сайхан бүтээлүүдийг удахгүй танилцуулах гэж байна. Хөөмий, монгол өв соёлд хайртай хүн бүхнийг тавдугаар сарын 27-ны 18:00 цагт Скай ресортын "Хүн" театрт хүрэлцэн ирэхийг урьж байна" гэв.