Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батжаргал: Богинохон хугацаанд том банкууд зэрэг хөрөнгийн зах зээлд гарах нь эрсдэлтэй

ikon.mn
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Санхүүч Г.Батжаргалын “Банкны IPO” сэдвээр NTV Телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

- Банкуудын IPO гаргах хугацааг сунгах эсэх нь олон талын байр суурь, маргаантай байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

Энэ маргаан дагуулсан хуулийг өнгөрсөн онд өргөн барьж байхад миний санаж буйгаар Монголбанкнаас буюу мэргэжлийн байгууллагаас нь хугацааг нь арай тавиу гэх юм уу ямар ч байсан өнөөдрийн хугацаанд тулгаагүй байсан. ДНБ-ий хэмжээтэй дүйх активтай банкны системийн энэ том хэмжээний IPO-г хийх хугацааны хувьд арай богино байна, дээр нь зах зээлийн нөхцөл байдлыг харсан ч тэр боломж байсан уу гэдэг нь эргэлзээтэй байсан. УИХ 2026 он гэх хугацааг яагаад наашлуулсан бэ гэвэл тухайн үед нэр бүхий улс төрчид 2024 онд дараагийн сонгууль болно.

Сонгуулиас өмнө манай эрх баригч намынхан банк санхүүгийн системийн шинэчлэлийг дуусгах ёстой гэсэн байр суурь илэрхийлж, улс төрийн өнгө аяс орж байгаа нь ажиглагдаж байв. Ингээд хууль нэгэнт батлагдсан учраас хувийн хэвшил, мэргэжлийн оролцогчид бүгд банкны IPO-нд бэлдсэн. Бэлтгэл гэдэг бол тэр чигтээ санхүүгийн зардал. Жишээ нь банкууд дэлхийн 4 том аудитын байгууллагаар аудит хийлгэж байна. IPO-нд зориулсан аудит тусдаа үнэлгээтэй бөгөөд жилийн эцсийн тайлан балансаас өөр. Мөн өндөр зэрэглэлийн хуулийн фирмүүд, үнэлгээ тогтоох байгууллага зэрэг олон төрлийн оролцогчид байна. Банкуудаас гадна бас хөрөнгө оруулалтын сан хөрөнгө оруулагчдаас IPO-нд зориулж их хэмжээний эх үүсвэр татсан. Энэ эх үүсвэрийн цаана өртгийн асуудал яригддаг.

Монголбанкнаас тайлбарлаж буйгаар санхүүгийн тайланг баталгаажуулах үйл явцад маш их хугацаа шаарддаг. Ялангуяа олон улсын аудитууд нэр хүндийн эрсдэлд орохгүйн тулд нарийн шалгаж үздэг. Үүний хугацаа хойшоо буюу 4-р сард түрүүчээсээ бэлэн болох жишээтэй. Тэгэхээр богинохон хугацаанд зэрэг том банкууд хөрөнгийн зах зээлд гарах нь эрсдэлтэй юм болов уу гэж харагдаад байгаа юм.

- Бэлэн болчихсон 2 банк байгаа гэсэн. Дахиад нэг жилээр сунгачихвал системийн 5 банк нэг жилийн хугацаанд IPO гаргах боломжтой юу?

Сунгасан тохиолдолд боломжтой гэж харагдаж байна. Өнөөдрийн нөхцөл байдлыг харвал 1 сар гаруйн хугацаанд ижил төрлийн бүтээгдэхүүн их хэмжээгээр зах зээлд гарвал эхэнд гарсан нь амжилттай эсвэл амжилтгүй болох зэрэг эрсдэл бий болох магадлалтай. Жишээ нь зэрэг гараад эхний 2 нь амжилттай, сүүлийн 3 нь амжилтгүй болбол өөрсдөөс нь шалтгаалахгүй нэр хүндийн эрсдэлд орж магадгүй харагдаад байна. Одоо сунгахаар тооцож байвал бид зах зээлийн нөхцөл байдлыг л харах шаардлагатай. Өнгөрсөн оны өдийд төв банкны үнэт цаасны хэмжээ 9-10 их наяд төгрөг байсан. Сүүлийн мэдээг харахад 2 дахин буурч, 4.9 их наяд төгрөг болжээ. Жилийн хугацаанд манай эдийн засагт эргэлдэж буй мөнгөний хэрэгцээ буурч байгаа нь харагдаж байна. Мөн ЗГ-ын хэрэгжүүлсэн 10 их наядын хөтөлбөр зэргийн хүрээнд сүүлийн жил хагасын хугацаанд маш их хэмжээний зээл олгогдсон. Одоо хил гааль, олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор бодит эдийн засагт эрсдэл учирч буй учраас банкууд зээл олголтоо тодорхой хэмжээнд хязгаарлаж байна. Зах зээлд гардаг мөнгө багасаад ирмэгц мөнгөний эрэлт нэмэгдэж байгаа. Энэ үед хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн зэрэг гарах нь хэр зохимжтой бол? Магадгүй 1 сая төгрөгөөр банкны хувьцаа авах гээд бэлдэж байсан хүн бол 500 мянгыг нь арай өөр хэрэглээнд зориулах зэргээр хөрөнгө оруулагчдын сонголт энэ хугацаанд өөрчлөгдөж байж болно. Хэдийгээр бэлэн болсон ч амжилтгүй болох магадлал өмнөх оноо бодвол нэмэгдсэн харагдаад байна.

Ер нь санхүүч хүнийхээ хувьд банкны салбарын шинэчлэлийг хувь хүнийхээ үүднээс дэмжиж буй. Энэ ч утгаараа IPO хийх шаардлага зайлшгүй ч хуулийг нь зах зээл, нөхцөл байдал, мэргэжлийн байгууллагын оруулж ирсэн хугацаанд нь уялдуулахгүй улс төрийн өнгө аяс оруулж, богино хугацаанд амжуулах гэж зүтгэж байгаад өнөөдрийн маргааны сэдэв боллоо.

видео:
https://www.facebook.com/watch/?extid=NS-UNK-UNK-UNK-IOS_GK0T-GK1C&v=576388723793029

 

Эх сурвалж: NTV