Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Оростой хэлхээ холбоотой Германы канцлер асан эрхмийн тусгай хангамжийг цуцлах шийдвэр гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Украины дайнтай холбоотойгоор канцлер асан Герхард Шрёдерын зарим тусгай хангамжийг цуцлах шийдвэрийг Германы Бундестагийн төсвийн байнгын хороо өчигдөр гаргажээ.

Шрёдер нь Оросын эрчим хүчний компаниуд болох газрын тосны Роснефть, хий дамжуулах хоолойн Норд Стримийн удирдах зөвлөлд суудалтай хүн юм.

Украинд Оросын цэрэг халдан довтолсны дараа дээрх албан тушаалуудаасаа татгалзахыг түүнд уриалж байсан ч тэр татгалзаж байжээ.

1998-2005 онуудад канцлер байсан Шрёдерын албан оффисын зардалд Германы засгийн газар 2021 оны төсвөөсөө 419,000 евро гаргаж байсан юм.

Харин одоо уг зардлыг төсвөөс хасахаар болж байна. Шрёдерын оффисын дөрвөн ажилтан өмнө нь боссынхоо байр суурийг эсэргүүцэн ажлаасаа сайн дураар гарч байжээ.

Тусгай хангамжийг цуцлах шийдвэрийг Шрёдерын өөрийнх нь харьяалагддаг Социал Демократ намаас гадна Ногоон нам, Чөлөөт Ардчилсан нам дэмжсэн байна.

Гол сөрөг хүчин Христийн Ардчилсан Нэгдэл нам бас уг шийдвэрийг дэмжсэнээс гадна канцлер асны тэтгэврийг цуцлах санал гаргажээ. Шрёдер нь жил бүр 100,000 евротой тэнцэх тэтгэвэр авдаг юм.

Шрёдерыг төрийн зүтгэлтнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа тул үйл ажиллагааг нь санхүүжүүлэх шаардлагагүй гэж үзсэнээ Бундестаг тайлбарлажээ.

Бундестагийн шийдвэрийг гарахаас хэдхэн цагийн өмнө Европын Холбооны парламентад ОХУ-тай хэлхээ холбоотой Европын улс төрчдийг хоригоор шийтгэх асуудал яригдсан юм. Үүнд Шрёдерын нэр бас яригджээ. Экс канцлераас гадна Австрийн гадаад хэргийн сайд асан Карин Кнэйслд уг хориг чиглэж байна.

Кнэйсл нь Роснефть компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн юм. 2018 онд тэр хуримдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг урьж, хамт бүжиглэж буй зураг нь хэвлэлүүдэд нийтлэгдэж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian