Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ernst & Young: 2022 оны эхний улиралд дэлхийн IPO зах зээл огцом удаашрав

ikon.mn
2022 оны 5 сарын 20
iKon.MN

2022 оны I улиралд IPO буюу хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжаалж, нээлттэй компани болох үйл явц нь дэлхий даяар эрс удааширсныг Ernst & Young мэдээлжээ. Тухайлбал, тайлант улиралд нийт IPO-ийн тоо 35% буурч, татан төвлөрүүлсэн хөрөнгө нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 51% бага байжээ.

2021 он IPO-ийн хувьд түүхэн сайн жил байсан бол 2022 он эхэлснээр хувьцааны зах зээл хүчтэй унаж, компаниуд IPO гаргах нь огцом буурсан байна.

Хүснэгт: IPO-өөс татан төвлөрүүлсэн орлогын үзүүлэлтүүд бүс нутгаар:

 

2022 оны I улиралд

Өмнөх оны мөн үеэс өөрчлөлт

Америк тив

$2.4 тэрбум

-95%

Ази, Номхон далай

$42.7 тэрбум

+18%

Европ, Ойрх Дорнод, Энэтхэг, Африк

$9.3 тэрбум

-68%

IPO-г бүс нутгаар нь авч үзвэл Америк тив орчмын компаниуд хөрөнгийн зах зээлд нээлттэй хувьцаагаа арилжих нь хамгийн өндөр дүнгээр буюу 95% буурчээ. Европ, Ойрх Дорнод, Энэтхэг, Африкийн бүс нутгаар 68% буурсан байна. Харин Азид энэ үзүүлэлт 18% өсөлттэй байгаа нь Хятадын цөөн тооны томоохон дүнтэй мега IPO хийгдсэн нөлөө байв.

БНСУ-ын хувьд IPO-ийн хэлцлийн тоо нь өнгөрсөн онтой харьцуулахад 21% буурчээ. Японд мөн IPO удааширсан бөгөөд эхний улиралд 15 компани хувьцаагаа олон нийтэд санал болгож 0.2 тэрбум ам.доллар босгосон нь 2021 онтой харьцуулахад хангалтгүй үзүүлэлт болсон байна.

Энэхүү гэнэтийн бууралтад олон хүчин зүйл нөлөөлсөн байх боломжтойг E&Y-ийн шинжээчид онцолсон байна. Тухайлбал:

  • Геополитикийн хурцадмал асуудлууд,
  • Хөрөнгийн зах зээлийн савлагаа,
  • Сүүлд гаргасан IPO-нуудтай холбоотой хэт өндрөөр үнэлэгдсэн хувьцаануудын үнэ; засвар хөдөлгөөн орж буй,
  • Түүхий эд, түлш шатахууны үнэтэй холбоотой болгоомжлол нэмэгдсэн,
  • Инфляцын улмаас бодлогын хүү эрчимтэй чангарч буй,
  • Цар тахал дэлхийн эдийн засгийн сэргэлтийг удаашруулах эрсдэл хэвээр байгаа г.мэт.

Зах зээлийн тодорхойгүй, тогтворгүй байдлаас болж маш олон IPO хойшлоод байгаа аж.

зураг