Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маскийн “хятад ихэр”-ийн сошиал хуудаснууд учир битүүлэг шалтгаанаар хаагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Америкийн тэрбумтан Илон Масктай ихэр мэт адилхан гэдгээрээ алдаршсан Хятадын иргэн И Лон Магийн сошиал хуудаснууд өчигдөр учир битүүлэг шалтгаанаар хаагджээ.

Тухайлбал Твиттерийн хятад хувилбар гэгддэг Вэйбо, ТикТокын хятад хувилбар Доуин платформоос Магийн бүх контент арчигдсан байна.

Яагаад ингэсэн талаар эдгээр платформуудыг эзэмшигч Байтданс, Тэнсэнт компаниуд одоогоор ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.

Магийн дүрс бичлэг анх 2020 оны намар ТикТокын хятад хувилбарт тарснаар олны танил болж байжээ.

Үүнийг үзсэн Илон Маск өөрийгөө “хятад хольцтой байж магадгүй” гэж сошиал хуудсандаа хошигнон бичсэн нь Маг улам алдаршуулсан юм. Тэр үеэс хойш Ма өөртэйгөө адилхан тэрбумтны үйл ажиллагаатай холбоотой видео дүрсүүдийг нийтэлж, олон сая хүнд үзүүлэх болсон байна. Тухайлбал Маск Твиттер платформыг худалдаж авах шийдвэр гаргасны дараа Ма өөрийн хуудсанд Твиттерийн бэлгэдэл болсон шувууны дүрсийг бариад “Миний шувуу” хэмээн ярьж байв.

зураг
 

Үнэхээр өөртэй нь адилхан хүн байдаг бол уулзах хүсэлтэйгээ Маск бас сүүлд илэрхийлж байжээ.

“Би энэ залуутай уулзмаар байна (Хэрвээ үнэн бол). Хуурамч (deepfake) дүрс бичлэг түгээмэл ашигладаг болсон энэ үед итгэхэд хэцүү юм” гэж Маск твиттер хуудсандаа бичиж байв.

Ма үүний хариуд “Би энд байна. Би ч гэсэн тантай уулзахыг маш их хүсэж байна. Би танд хайртай, та бол миний баатар” хэмээн Вэйбо хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: Business Insider