Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны аав Франц улсын иргэн болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Их Британи улсын ерөнхий сайд Борис Жонсоны эцэг өнгөрсөн онд Франц улсын иргэн болох хүсэлт гаргаж байжээ. Тэгвэл Францын хууль зүйн яам хүсэлтийг нь хүлээн авч, иргэний харьяалал олгосон тухай өчигдөр мэдээлсэн байна.

Консерватив намын гишүүн Стэнли Жонсон эхэндээ Европын Холбооноос Их Британийг гаргахыг эсэргүүцдэг байснаа сүүлд хүүгийнхээ талд орж, Brexit хөдөлгөөнийг дэмжигч болсон юм.

Борис Жонсоны эцэг 81 настай Стэнли Жонсон нь франц ээжтэй, франц хэлээр чөлөөтэй ярьдаг юм байна.

2020 оны сүүлээр Францын хэвлэлд ярихдаа Стэнли “Би ямар ч эргэлзээгүйгээр үргэлж Европын талд байсаар ирсэн. Франц хүн болоход ямар ч асуудалгүй. Миний ээж Францад төрсөн, түүний ээж, өвөө нь ч бас” гэж хэлж байжээ.

Францын хуулиар 50-аас дээш жил гадаадад амьдарсан иргэнийхээ үр хүүхдүүдэд харьяалал олгохоос татгалздаг. Гэхдээ Франц улстай соёлын, ажил мэргэжлийн, эдийн засгийн, гэр бүлийн ойр хэлхээ холбоотой бол онцгойлон харж үздэг юм байна.

Их Британи улс 2020 оны нэгдүгээр сарын 31-нээс эхлэн Европын Холбооноос гарсан юм. Үүнтэй холбоотой Британийн олон иргэн Европын Холбооны улсууд руу нүүж байв.

Тухайлбал 2020 онд тус улсын 3,100 орчим иргэн Франц улсын иргэн болжээ. Британичуудаас хамгийн олон хүн Германы иргэн болсон бол Франц улс энэ үзүүлэлтээр хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.

Борис Жонсоны улс төрийн карьер өсөх тусам түүний аав Стэнли Жонсоны хувийн амьдрал британичуудын анхаарлын төвд байх болсон юм. Тэрбээр 2017 онд телевизийн реалити шоунд оролцож, хэвлэлийн хуудсанд байнга гарах болжээ.

Борис Жонсоны талийгаач ээж Шарлот экс нөхөртөө (Стэнлид) хэд хэдэн удаа зодуулж байсан, нэг удаа бүр хамраа хугалуулж байсныг намтартаа дурссан байдаг.

Өнгөрсөн онд парламентын гишүүн, сэтгүүлч хоёр эмэгтэй Стэнли Жонсоны бэлгийн дарамтад өртөж байснаа хэвлэлд дэлгэж байв.

 

Эх сурвалж: AFP