Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

М.Мөнххишиг: Хүн өсвөр насандаа биеийн өндрийн 20-25 хувь, жингийн 50 хувийг олж байдаг

П.Зоригт, IKON.MN
2022 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад 544,000 өсвөр насныхан байдаг. Энэ нь хүн амын 16 орчим хувийг эзэлдэг.  Өөрөөр хэлбэл, зургаан хүн тутмын нэг нь өсвөр насныхан байна гэсэн үг. Өсвөр насны хүүхдүүдийн 43 хувь нь нийслэлд амьдарч байна.

Өсвөр нас, эрүүл мэндийн асуудлууд, тусламж үйлчилгээний талаар Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (ЭХЭМҮТ) Өсвөр үеийн клиникийн эрхлэгч М.Мөнххишиг мэдээлэл өгөв.

Тэрбээр “Өсвөр насыг хүн амын харьцангуй эрүүл бүлэг хэмээн үздэг. Тархины хөгжил, бэлгийн бойжилт, огцом өсөлт нь өсвөр насныхны анхаарах гол өөрчлөлт, хөгжил юм. Огцом өсөлт хөгжлийн энэ үед хоол тэжээл, нойр, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь чухал.  

Хүн өсвөр насандаа биеийн өндрийн 20-25 хувь, жингийн 50 хувийг олж байдаг. Өсөлт хөгжлийн энэ үе хоёр жил орчим хугацаанд үргэлжилнэ. Тэгэхээр жилд дунджаар 10-13 сантиметр өсөж хөгждөг гэсэн үг. Тиймээс эрүүл, зохистой хооллолт маш чухал. Гэтэл хооллолтын түгээмэл алдаа бол өглөөний цай уудаггүй явдал. Хоол тэжээл маш чухал. Өдөрт 3-5 удаа цайлж, хангалттай шингэнийг ууж хэвшинэ.

Өсөлтийн даавар тархинаас ялгарч байгаа. Үүнтэй холбоотойгоор эмч нар нойрны зөвлөгөөг өгдөг. Өсвөр насныхан 22:00 цагаас өмнө унтсан байх ёстой. Шөнийн 22:00-02:00 цаг гүн нойрны үе бөгөөд өсөлтийн даавар хамгийн эрчимтэй ялгардаг. Гэтэл өсвөр насныхны дийлэнх нь энэ цагт сэрүүн байдаг. Өсөлтийн даавар идэвхтэй ялгардаг цагийг ашиглаад эрт унтаж хэвшвэл өөрийн хүссэн, боломжит өндөртөө хүрэх боломжтой" хэмээн зөвлөлөө.