• 6 сарын 28, Мягмар
Уншиж байна ...

Г.Занданшатар: Өр тавьж, халамж олгоод үндэсний үйлдвэрлэлээ татаж унагаадаг бодлогоос хэзээ салах юм бэ?

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан болж байна. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилттэй танилцлаа.

Энэ хэрэгжилттэй танилцаад УИХ-ын гишүүдийн санал дүгнэлтийг нэгтгэж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. 

Тэрбээр "Өрөнд баригдсан хүн өтөнд баригдсан ямаатай адилхан гэж Монголын ард түмэн ярьдаг. Тийм учраас өрийн асуудал бол нам бүлгийн юм уу найз нөхдийн асуудал биш. Сая үг хэлсэн Ц.Даваадүрсэн, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нарын гишүүд олон чухал саналуудыг хэлсэн. Сайд нар харамсалтай нь сонссонгүй. Давтаж хэлэхээс аргагүй боллоо. 

Энэ бол зөвхөн сонгуулийн асуудал биш, эх орны хувь заяатай холбоотой асуудал шүү. Эх орны ирээдүй, хувь заяатай холбоотой өрийн хавх эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас энэ асуудлыг онцгой анхаарах ёстой. Сонгууль 20 дугаар асуудал гэж Ц.Сандаг-Очир гишүүн хэллээ. Ц.Даваасүрэн гишүүн энэ өрийг онцгой анхаарахгүй бол эх орны аюулгүй байдалд тулгарсан асуудал байна. Өнөөдөр нийгмийн сүлжээнд лайк даруулж, сайхнаар магтуулж, өнөөдөртөө л сайн сайхнаар хэлүүлэх биш, ирээдүй хойчдоо эх орноо бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгөхийн тулд, ирээдүй хойч үедээ хараалгахгүй тулд өрийн удирдлагын бодлого, төсвийн алдагдал, төсвийн бодлого, эдийн засаг, мөнгө зээлийн бодлогоо уялдуулах шаардлагатай байна. Үүнийг өнөөдрөөс эхлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, халамжийг хавтгайруулахгүй, зорилтот бүлэгт нь хуваарилж, төсвийн алдагдлаа бууруулах замаар их захгүй өрөнд орж байгаа явдлаа хязгаарлая. 

Өөрөөр хэлбэл, өр тавьж халамж олгоод үндэсний үйлдвэрлэл, экспортын үйлдвэрлэлээ татаж унагаагаад, импортыг орлох үйлдвэрүүдээ татаж унагаадаг бодлогоос хэзээ салах юм бэ? Энэ бол эх орны эсрэг бодлого байна. Энийгээ цэгцлээч ээ. нэг номерын бодлого чинь Монгол Улс өрөнд орж байгаа үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын бодлого байна. 

Өнөөдөр л ард түмэнд таалагдаж, алга ташуулж байвал маргаашийн Монгол Улсын хувь заяа хамаагүй гэж өр тавьдаг явдлаа больё. Түгжрэл халамж, олон асуудлыг шийдэхийн тулд өрийн баталгаа гаргадгаа больё. Ийм учраас эрс өөрчлөлтүүдийг төсөв, мөнгөний бодлогодоо оруулж, ард түмэндээ ойлгуулж хэлээд хийе. Өрийн байдал ийм байна. Үнэн бодит байдлыг ойлгуулж шийдэх хэрэгтэй. 

Ийм учраас чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилттэй танилцаад чиглэл өгч, ажлын хэсгийг байгуулах ёстой гэж үзэж байна. 

Өнгөрсөн хугацаанд олгогдсон гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр ашиг, өгөөж, ашигт ажиллагаа зэргийг багтаасан шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар тодорхой тусгаж ирүүлээгүй байна. Ийм учраас төсөл хөтөлбөрүүдийн үр ашгийг үнэлэх хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлого, өрийн удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилтийг үнэлэх боломжгүй байна гэж төсвийн шинжилгээний дүгнэлтэд дурджээ. Ийм учраас хэрэгжилтийн асуудал дээр анхаарал хандуулж, ажлын хэсэг байгуулж судлан үзээд  Засгийн газарт тодорхой чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна. 

Халамж, төсөв мөнгөний бодлогоо эргэж харахгүй бол болохгүй байна. Монголбанкны бодлого ч гэсэн болохгүй байна. Төсөв сангийн бодлого ч болохгүй байна. ийм учраас энэ улс чинь 2011 онд 9.7 тэрбум ам.долларын гадаад зээлтэй байсан бол өнөөдөр 33.3 тэрбум ам.долларын өртэй болсон байна. 

Үүнийг нэг мөр цэгцлэхгүй бол улс орноо аюул руу хөтөлж байна. ҮАБ-ын хамгийн тулгамдсан асуудал болсон байна. Улсын өр, Засгийн газрын өр гэж улсын секторын бүх өрийг хэлнэ. Монголбанк доллар хэвлэхгүй, тэр өрийг валютын нөөцөөсөө төлнө. Дотоод зах зээлд байгаа улсын валютын нөөцөөс төлнө. Энэ бүхэн улсыг өрийн эрсдэл рүү түлхэж байгаа дунд хугацааны болон урт хугацааны том эрсдэл рүү хөтөлж байна. Өвөг дээдсийн үлдээсэн газар шороон дахь баялгаар бид өнөө маргаашаа аргацааж байна. Энэ бол ирээдүй үедээ асар том эрсдэл үлдээж байгаа гэдгийг санаж Засгийн газар УИХ-ын холбогдох байнгын хороодын Өрийн удирдлагын стратегийн баримт бичгийн хэрэгжилт дээр бодитой дүгнэлт хийж, дараагийн стратегийг баримтлах шаардлагатай гэж үзэж байна" гэв. 

ВИДЕО:

https://fb.watch/d5CCuopIuX/