Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийтийн тээврийн зардал өссөн нь хяналт сул, автобусны маршрут оновчгүйгээс шалтгаалсан болохоос смарт карттай огт холбоогүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хотын захирагч өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ “Нийслэлийн нийтийн тээвэрт 130 тэрбум төгрөгийн нэмэлт татаас смарт карттай болсноор нэмэгдсэн тул Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэглээнээс смарт картыг хална” хэмээн мэдээлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар Смарт карт ХХК-аас өнөөдөр хариу мэдэгдэл хийлээ.

"Нийслэлийн Засаг даргын өчигдрийн мэдээлэл ташаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар смарт карт ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд “Манай компани нийтийн тээврийн салбарт технологийн дэвшил, инновацыг нэвтрүүлснээр үйлчилгээний соёл, чанар хүртээмжийг дараагийн шинэ шатанд гаргах, нийтийн тээврийн салбарын санхүүгийн тогтолцоог ил тод, шилэн болгох нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийслэлийн нийтийн тээвэрт өссөн дүнгээр 212 тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгосон.

Нийслэлийн Засаг дарга өчигдөр манай компанийн талаар “нийслэлийн нийтийн тээврийн зардлын санхүүжилт өссөнтэй холбож, дата мэдээлэл нь БНСУ-аас хийгддэг бөгөөд аудит хийгдэж боломжгүй” гэх ташаа мэдээллийг нийтэд өгсөн.

НИТХ-ын баталсан журмын дагуу нийслэлийн тээврийн газраас автобус компаниудын ажилласан гүйцэтгэлийг нь тооцоолж зардлын санхүүжилтийг нь гаргадаг. Энэ зардал нь Улаанбаатар Смарт карт ХХК-ийн дансаар огт дамждаггүй буюу биднээс огт хамааралгүйгээр автобус компаниудад орлого болон хуваарилагддаг гэсэн үг.

Мөн НИТХ-ээс гаргасан журмын дагуу ажлын гүйцэтгэлийг нь тооцохдоо машин цаг болон рейс хийж байгаа шалгуурыг нь хоёуланг нь хангасан тохиолдолд зардлын санхүүжилтийг нь олгох ёстой гэж заасан байдаг ч одоогийн нөхцөл байдалд Нийтийн тээврийн газар энэ шалгуурыг мөрдүүлэхгүй байгаа буюу зөвхөн үйлчилгээнд гарсан, зам дээр явсан цагийг нь үндэслэж олгож байгаа учраас энэ зардлын санхүүжилт нь өсөж байгаа юм.

Түүнчлэн иргэдийн зүгээс өвлийн цагт "автобус хүлээгээд ирэхгүй байна" гэсэн гомдол маш их гаргадаг. Автобусны рэйс гүйцэтгэлийг нь шалгахгүй, журмыг нь мөрдүүлэхгүй байгаа учраас хэчнээн хүлээсэн ч тэр автобус ирэхгүй байх нь тодорхой.

Өөрөөр хэлбэл, зардал нь гач байгаа мөртлөө гүйцэтгэл нь дутуу хийгдэж байгаа учраас, мөн тээвэрлэж болох ёстой байсан шугамын орлогыг бүрдүүлж чадахгүй байгаа болохоор зардлын санхүүжилт нь өсөж байгаа юм.

"Зардал өссөн шалтгаан нь автобусны маршрут нь оновчгүй, хүртээмжгүйгээс болж байгаа"

Мөн зардал өссөн шалтгаан нь автобусны маршрут нь оновчгүй, хүртээмжгүйгээс болж байгаа гэдгийг хэлье.

Өнгөрсөн хугацаанд автобус хаагуур, зорчигч хаашаа их зорчиж байгаа тухай дата мэдээлэл манайд цугларсан. Уг нь үүнийг ашиглан оновчтой, хүртээмжтэй маршрутыг бүрдүүлэхэд бүрэн боломжтой. Үүнийг нийтийн тээврийн төлөвлөлтдөө ашиглах асуудлыг олон гаргаж тавьсан.

Мөн хотын дарга манай компанид аудитын шалгалт хийх нь хаалттай байдаг гэсэн мэдэгдэл хийсэн. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн төрийн аудит, дотоод аудит, Нийслэлийн ЗДТГ-ын аудит шалгалтуудыг удаа дараа хийж ирсэн. Тэдгээр шалгалтуудаар манай компанид ямар нэг байдлаар ноцтой зөрчил илрээгүй.

Сүүлд, 2021 оны арваннэгдүгээр сард Хотын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг манай компанид мэдээллийн аюулгүй байдал, төлбөр тооцоо, систем гээд бүрэн хэмжээний шалгалт хийсэн байдаг.

Мөн манай дата центрийг Монголд байдаггүй гэсэнд тайлбар гөхөд, бидний хөгжүүлсэн систем бол Улаанбаатар хотын бодлого, хотын онцлогт тохируулж бүтээгдсэн цорын ганц систем юм.Тиймээс бүх дата мэдээлэл нь Улаанбаатар Смарт карт ХХК-ийн байранд байршдаг серверт хадгалагддаг гэдгийг хэлье. Тиймээс дээрх мэдээлэл нь ташаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

"Нийтийн тээвэр нэг цэгээс нөгөө цэгт хүрэхэд маш олон чиглэл давхцаж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар Смарт карт ХХК-ийн Санхүү удирдлагын хэлтсийн дарга Н.Уянга “Өмнө нь нийтийн тээвэр автобус компаниуд шугамын орлого болон нөхөн олговор хоёроор л санхүүждэг байсан. Энэ нь үйл ажиллагаа явуулахад хүндрэл болж байсан учраас тухайн компаниудыг дэмжиж, алдагдлыг нь төр өөрөө хүлээх байдлаар тогтоол гаргаад, түүнийхээ дагуу явж байгаа.

Түүнээс биш энэ алдагдалд Улаанбаатар Смарт карт ХХК-ийн оролцоо огтхон ч байхгүй. Манайх тэр зардлын санхүүжилтээс нэг ч төгрөг авдаггүй бөгөөд НИТХ-ээс тогтоол батлахад манай компаниас ямар нэг оролцоо байгаагүй. Гэтэл өөрсдийнхөө алдааг өөр бусад этгээдээс хайж, байж боломжгүй мэдэгдлийг Хотын дарга хийж байгаад харамсаж байна.

Уг нь тэр алдагдлаа бууруулах боломж нь бий. Энэ талаар бид өмнө нь ч хэлж байсан. Манайх энэ талаар нийт 53 удаагийн санал, зөвлөмжийг нийслэлд хэрэгжүүлэгч агентлагаар нь дамжуулж өгсөн ч нэгийг ч ажил хэрэг болгоогүй.

Бүтэн долоон жилийн турш хуримтлагдсан дата мэдээллийг бодлого төлөвлөлтдөө хэрэгжүүлэх сонирхолгүй байгаа юу. Дата мэдээллийг ашиглаад нийтийн тээврийн маршрутаа оновчтой төлөвлөлт хийх бүрэн боломж байхад одоог хүртэл хийхгүй байгаа нь ямар шалтгаантай вэ. Тэгсэн мөртлөө алдагдлын асуудлаа төлбөр тооцооны систем нэвтрүүлж байгаа компани руу чихээд байгаа нь ямар үндэслэл, хэний эрх ашиг вэ гэдгийг асуумаар байна.

Өнөөдөр нийтийн тээвэр нэг цэгээс нөгөө цэгт хүрэхэд маш олон чиглэл давхцаж байна.

Ганцхан жишээ хэлэхэд, Таван шараас Саппоро хүртэл нийт 27 чиглэл давхцаж байгаа юм. Гэтэл нэг чиглэлд доод тал нь найман автобус явдаг гээд бодоход хэчнээн автобус нэгдүгээр эгнээгээр зорчино гэсэн үг вэ? Энэ асуудал нийтийн тээврийн салбарын алдагдлыг үүсгэхээс илүү давхар авто замын ачаалалд маш их нөлөө үзүүлж байгаа. Гэтэл энэ мэт бодлого төлөвлөлтийнхөө ажлыг нийслэл хийлгүйгээр огт өөр зүйл ярьж байгаад харамсаж байна.

Нөгөөтээгүүр нийслэл бол манай компанийн 24 хувийг эзэмшигч. Ингэхээр нийслэлээс манай компанийн ТУЗ-ийн болон хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, оролцоогоо хангаж ажиллах ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч хуралд оролцоогүй" хэмээсэн юм.

"Нийтийн тээврийн орлого бодит байдал дээр анхны төсөвт төлөвлөгөөний 50 хувьд ч хүрээгүй"

Үргэлжлүүлэн “Анх манайх 13 сая долларын хөрөнгө оруулалтыг БНСУ-ын компаниас оруулсан. Үүнийгээ бид 4.8 жилийн дотор төлөөд энэ төсөл Монголд нутагшина гэсэн гэрээг анх хийсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн 24 хувийн өмч оролцоо нь өсөх байдлаар гэрээ хийгдсэн. Гэтэл долоон жил болоход бид 3 сая долларыг л төлөөд байгаа.

Үлдсэн 10 сая доллар нь нөхөгдөөгүй шалтгаан нь, энэ төслийг анх хэрэгжүүлэхтэй холбоотой нийтийн тээврийн газраас нийт зорчдог хүний тоо зэргийг авч үзэн орлогыг тооцоолсон судалгаа гарч байв. Уг судалгаагаар нийтийн тээврийн зорчилт хангалттай гэж үзээд 4.8 жилийн дотор хөрөнгө оруулалтаа хангалттай нөхнө гэж тооцсон ч бодит байдал дээр орлого нь анхны өгсөн төсөвт төлөвлөгөөний 50 хувьд ч хүрээгүй" гэж сэтгүүлчийн асуултад хариуллаа.