Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

IPO: Дэлхий дахинд тохиромжгүй цаг үе үү?

ikon.mn
2022 оны 5 сарын 19
iKon.MN

Олон улсад хөрөнгийн зах өндөр савлагаатай, хөрөнгө оруулагчид эрсдэлээс зугтаах хандлагатай байна. Энэ үед IPO хийж, зах зээл дээр нээлттэй болсон компаниудын хувьцааны үнэ анх олон нийтэд санал болгосон түвшнээсээ Америкт 40%, хөгжиж буй орнуудад 20%, дэлхийн хэмжээнд 30% орчим унаад байна.

зураг
 

Америкийг авч үзвэл хөрөнгийн зах дээр нээлттэй арилжаалагддаг 500 том компанийн хувьцааны үнэлгээг илэрхийлдэг S&P 500 индекс 2022 оны эхнээс 15.5% унаад байгаа билээ. Үүнтэй харьцуулахад Renaissance U.S. IPO индекс 48.6% унажээ (Зураг 1). Тус индекс нь Америкийн биржүүд дээр нээлттэй компани болж шинээр хувьцаагаа гаргасан хамгийн том бөгөөд хөрвөх чадвар сайтай компаниудын хувьцааны үнэлгээг харуулдаг.

зураг
 
Эх сурвалж: FTSE Russell

Дэлхийн бусад улс орнуудад ч IPO хийж байгаа компаниудын хөрөнгө нь босохгүй байх, эсвэл IPO хийсний дараа хувьцааны үнэлгээ унах эрсдэлтэй тулгарч байна. FTSE Renaissance Global IPO болон Emerging Markets IPO индексүүд 2022.04.29-ний өдрийн байдлаар харгалзан  -34.2% ба -17.7% унасан нь үүний илрэл юм. Америктай нэгэн адилаар IPO хийсэн компаниудын хувьцааны үнийн уналт бирж дээр арилжаалагдаж буй том компаниудын хувьцааны үнийн уналтаас гүнзгий байв (Хүснэгт).  

Пандемик болон геополитикийн эрсдэлээс үүдэн ОУВС, Дэлхийн банк зэрэг томоохон судалгааны байгууллагуудын сүүлийн прогнозоор дэлхийн эдийн засгийн өсөлт муудах төлөвтэй байгаа. Гүйцэтгэл дээр ч хамгийн том эдийн засаг болох АНУ-д дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны 1 дүгээр улиралд агшсан. Азийн гол эдийн засгуудаас Япон мөн эхний улиралд агшлаа. Хятадад чанга хөл хориотой тул бизнесийн идэвхжил хурдтай саарч байна. Европын орнуудад өсөлт сул, Итали зэрэг зарим улсад өсөлт аль хэдийн хасах руу орсон байна.

Эдийн засгийн байдал сайнгүй үед хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийж, хувьцааны индексүүд дэлхий даяар унаж, санхүүгийн зах дээр үнийн засварууд хийгдэж байгаа нь хөрөнгө босгох, хөрөнгө оруулахад таагүй, тодорхой бус байгааг илтгэж байна.