Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусь улс цаазын ялынхаа үйлчлэх хүрээг өргөжүүллээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Одоогоор Беларусь улс нь цаазын ял хэрэгжүүлдэг Европ тивийн цорын ганц улс юм.

Тэгвэл Лхагва гарагт тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко цаазын ялын үйлчлэх хүрээг өргөжүүлэх хуулийн төслийг баталжээ.

Ингэснээр террорист халдлага үйлдэхийг завдсан тохиолдолд ялын дээд хэмжээ оноодог болж байна. Өмнө нь тус улс аливаа гэмт хэргийг бүрэн үйлдээгүй, үйлдэхийг завдсан тохиолдолд ийм шийтгэл оноодоггүй байжээ.

Хүний эрхийн байгууллагууд шинэ хуулийг сөрөг хүчнийхнийг айлгах, устгах Лукашенкогийн ээлжит төлөвлөгөө гэж үзэж байна.

2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд зургаа дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлсэн Лукашенко өөрийг нь эсэргүүцсэн нийт 200,000 орчим хүнийг баривчилсан юм.

Сөрөг хүчний улс төрчдийн зарим нь шоронд хоригдож, зарим нь гадаадад дүрвээд байгаа.

Хамгийн сүүлд Украины фронт руу төмөр замаар Оросын зэвсэг техникийг тээвэрлэх ажилд саад учруулахыг оролдоод "төмөр замын партизанууд" гэж нэрлэгдсэн иргэдийг баривчилж, терроризмын гэмт хэрэгт буруутгажээ.

Беларусийн Вясна хүний эрхийн төв, Цаазын Ялтай тэмцэх Хүний Эрхийн олон улсын байгууллага өчигдөр гаргасан хамтарсан мэдэгдэлдээ Лукашенкогийн баталсан хуулийг хүчтэй эсэргүүцэж, шүүмжилсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press