Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгос цар тахалтай тэмцэхэд туслахыг Хятад, Орос улсуудаас хүссэн тухай эх сурвалжууд мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч буй Умард Солонгосын эрх баригчид НҮБ болон Өмнөд Солонгосоос тавьсан тусламж үзүүлэх саналаас татгалзаад байгаа.

Харин өөрийн холбоотон орнууд болох Хятад, Оросоос нууцаар тусламж хүссэн тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.

Өмнөд Солонгосын YTN телевизийн мэдээлснээр Хятад улс ойрын үед Умард Солонгос руу эмч мэргэжилтнүүдийг эмнэлгийн хангамж хэрэгслийн хамт илгээхээр болсон байна.

Умард Солонгосын Air Koryo компанийн ачааны гурван онгоц Хятадаас тусламжийн ачаа тээвэрлэхээр ниссэнийг өөр эх сурвалж бас мэдээлжээ.

ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов өнгөрсөн Мягмар гарагт Умард Солонгосын Москва дахь элчин сайд Шин Хон Чулыг хүлээн авч уулзахдаа “цар тахалтай тэмцэх” асуудлаар ярилцсан тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна. Уулзалтын үеэр юу яригдсан талаар тус яам дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Умард Солонгост коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрсэн тухай мэдээ өнгөрсөн долоо хоногт цацагдсаны дараа Орос улс өөрийн бүтээсэн Спутник V вакцинаар туслах тал дээр яаралтай арга хэмжээ авахыг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков амлаж байв.

Өчигдөр буюу Лхагва гарагт Умард Солонгост халдварын шинж тэмдэгтэй 232,880 тохиолдол шинээр илэрч, зургаан өвчтөн нас барсан тухай Пёньянаас мэдээлсэн байна.

Ингэснээр нийт өвчлөл 1.72 сая давж, нас барсан хүний тоо 62 хүрчээ. Нийтдээ 691,170 хүнийг тусгаарласан байна.

Мягмар гарагт Пёньянд болсон эрх баригч намын улс төрийн товчооны хурлын үеэр удирдагч Ким Жон Ун цар тахалтай тэмцэх ажлыг муу зохион байгуулсан албан тушаалтнуудыг шүүмжилсэн тухай мэдээлжээ. Албан тушаалтнуудын идэвхгүй, сул дорой байдал цар тахлын хамгийн том асуудал болж байгааг Ким Жон Ун онцолсон гэнэ.

Үүний дараа халдварын сэжигтэй тохиолдлуудыг олж илрүүлэн тусгаарлах ажилд армийн бие бүрэлдэхүүнийг дайчилж эхэлсэн тухай Умард Солонгосын төв хэвлэл мэдээлжээ.

 

Эх сурвалж: Korea Times