Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзах төлөвлөгөөгөө Европын Холбоо танилцуулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Европын Холбоо нь ОХУ-аас байгалийн хийн хэрэглээнийхээ 40 хувийг, газрын тосны хэрэглээнийхээ 27 хувийг авдаг.

Үүнийхээ төлөө жил бүр 400 тэрбум еврог ОХУ-д төлдөг байна.

Гэвч Украинд эхэлсэн дайны улмаас тус холбоо Оросын эрчим хүчний хамаарлаас салах зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа.

Энэ оны гуравдугаар сард Европын Холбоо REPowerEU гэж нэрлэгдсэн стратеги төлөвлөгөөнийхөө эхний хувилбарыг танилцуулж байжээ. Уг төлөвлөгөөний дагуу 2022 оны сүүлээр Оросын хийн импортыг гуравны хоёроор бууруулах зорилго тавьсан юм.

Тэгвэл REPowerEU төлөвлөгөөний 2030 он хүртэл хэрэгжүүлэх дэлгэрэнгүй хувилбарыг өчигдөр танилцуулжээ.

Төлөвлөгөөний дагуу Европын Холбоо гурван чиглэлд идэвхтэй ажиллах зорилго тавьсан байна.

Үүнд эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний өргөжүүлэлт, Оросын бус байгалийн хий, газрын тосны эх үүсвэр гэсэн гурван чиглэл төлөвлөгджээ.

Ирэх таван жилийн хугацаанд Европын Холбоо эдгээр чиглэлд 210 тэрбум евро зарцуулахаар болсон байна.

Эхний чиглэл нь байшин барилгын дулаалгыг сайжруулж, эрчим хүчийг хэмнэх, ухаалаг зарцуулах зэрэг ажлууд юм.

Үүнд бас хий шатаах замаар халаадаг бойлеруудыг агаар, газар, усны дулааныг ашигладаг цахилгаан бойлеруудаар солих ажил төлөвлөгдсөн байна.

Үүний үр дүнд 2030 он гэхэд эрчим хүчний хэмнэлтээ 13 хувьд хүргэхээр төлөвлөсөн гэнэ.

Хоёр дахь чиглэлд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэхэд Европын Холбоо 113 тэрбум евро зарцуулахаар төлөвлөжээ.

Үүнд нар болон салхины цахилгаан станцуудыг байгуулахад тавигдах шаардлагыг багасгаж, илүү хялбар болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр болсон байна.

2030 он гэхэд Европын Холбооны нийт эрчим хүчний хэрэглээний 45 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар тусгажээ.

Гурав дахь чиглэл нь байгалийн хий, газрын тосны Оросын бус эх үүсвэрүүдийг бий болгох зорилготой юм.

Үүнд шингэрүүлсэн байгалийн хийн терминалууд, дамжуулах хоолой байгуулахад 12 тэрбум евро төсөвлөжээ.

Терминалууд нь далайгаар шингэрүүлсэн хий тээвэрлэж авахад ашиглагдах бол хоолойнуудыг Египет, Израил, Нигери зэрэг улсуудаас хий дамжуулахад зориулах юм байна.

Дээрх зорилтуудыг биелүүлбэл 2030 он гэхэд Европын Холбоо эрчим хүчний хувьд ОХУ-аас ямар ч хамааралгүй болох ажээ.

 

Эх сурвалж: BBC