Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Оросууд Украинд “бэрхшээлтэй тулгарсныг” Кадыров хүлээн зөвшөөрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Владимир Путиний үнэнч холбоотон гэгддэг Чечений Бүгд Найрамдах Улсын тэргүүн Рамзан Кадыров өнөөдөр Украинд үргэлжилж буй дайнд Оросууд “бэрхшээлтэй тулгараад” буйг анх удаа хүлээн зөвшөөрчээ.

Уг дайнд Кадыровын илгээсэн чечень цэргүүд чухал үүрэгтэй оролцож байгаа ч бас их хэмжээний хохирол амссан гэгддэг.

Кадыров өчигдөр Москвад болсон арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ эхлээд Украинд төрөл бүрийн дэмжлэг үзүүлж буй Германы канцлер Олаф Шольцыг “шизофрени өвчтэй хүн” гэж доромжилсон байна.

“Өнөөдөр бид Украин улсын эсрэг биш, Бандерчуудын эсрэг, НАТО-гийн эсрэг тулалдаж байна. НАТО, өрнөдийнхөн, тэдний хөлсний цэргүүд тэнд байгаа. Энэ нь манай улсын хувьд гол бэрхшээл болж байна. Гэхдээ бидэнд үнэхээр сайн туршлага болж байна. Бид Орос орон ялагддаггүйг дахин батлан харуулах болно” гэж Кадыров ярьжээ.

Рамзан Кадыров нь Украины дайныг хамгийн их дэмжиж байсан хүмүүсийн нэг юм. Тэр Украинтай энхийн гэрээ байгуулахыг эсэргүүцэж, өөрөө фронтын шугамд хүртэл биеэр очиж байв.

Дайны эхний өдрүүдэд Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн амийг хөнөөх ажиллагааг Чечений тусгай албаныхан зохион байгуулсан ч бүтээгүй гэсэн мэдээлэл бий.

Сүүлийн үед Оросын хэвлэл мэдээлэл, суртал нэвтрүүлгийн хэрэгслүүд тус улс Украин улсын армитай бус, НАТО-гийн зэвсэгт хүчинтэй дайтаж байгаа гэсэн санааг түлхүү ярих болсон юм. Энэ нь өөрсдийн алдааг хаацайлах арга гэж ажиглагчид үзэж байгаа.

Кадыровын өчигдөр хэлсэн үг ч энэ санааг давтаж байна.

 

Эх сурвалж: Business Insider