Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Сүхбаатар: Бөхчүүд, уяачдыг аймаг, аймгаараа гал болон хуваагддагийг болиулъя

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Уг хуулийн Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүргийг тодорхой болгож, хариуцлагын механизмыг боловсронгуй болгохоор тусгасан байна.  Тухайлбал, допинг хэрэглэсэн бөх, сурын харваач, допинг хэрэглэхийг зөвлөсөн, шаардсан дасгалжуулагч, эмч, дэвжээнд олон улсын допингийн дүрмийн дагуу хариуцлага оногдуулах механизмыг хуулийн төсөл тусгажээ.

Мөн Үндэсний их баяр наадамд эрлийз морь уралдуулахгүй, бөх, сурын харваачийн допингийн шинжилгээний хариу гарсны дараа Ерөнхийлөгч улсын цол олгодог болох зохицуулалтыг тусгасан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Долоо болон түүнээс дээш насны хүүхдээр хурдан морь унуулна гэж байна. Долоон нас гэдэг чинь сургууль ороод уншиж бичиж, тоо бодож сурах ёстой нас. Яагаад долоон нас гэж ядаж есөн нас байж болохгүй гэж. Тэр хүүхдүүд чинь ядаж баярын бичгээ өөрсдөө уншдаг байх ёстой биз дээ. Хүүхдийн эрхийн талаас судалсан гээд байсан долоон нас гээд заачихсан байна. Хүүхдийн суралцах эрхэд халдаж байна. Тиймээс хурдан морь унах хүүхдийн насыг ядаж найм болгоё.

Үүнээс гадна бөхчүүдийг аймаг, аймгаар нь гал болгодгийг болиулъя. Энэ бол Монголыг хувааж байна. Бөхчүүд, уяачид галаар хуваагддаг нь Үндэсний их баяр наадмыг наадам биш болгож байна. Тэр аймаг яллаа, түрүү авлаа гэдэг. Үүнээс болж иргэдийн нэг хэсэг нь баярлаж, нөгөө хэсэг нь уурладаг. Энэ бол бодитоор байгаа зүйл. Монголын үндэсний баяр нь улс үндэстнээ хагалан бутаргасан, яс хаясан байдал социализмын үеэс бий болсон" гэв.