Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Петрочайна Дачин Тамсаг ХХК дотоодоос худалдан авалт хийдэггүй, орон нутгаас ажилтан авдаггүй, хууль хяналтын байгууллагын шаардлагыг үл тоодог"

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссон. Гишүүдийн гаргасан саналын дагуу хуралдааныг хаалттай горимд шилжүүлээд байсан юм. Тэгвэл хэсэг хугацааны дараа хуралдааныг энгийн горимд шилжүүлсэн байна.

Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийв. Тэрбээр “Энэ оны нэгдүгээр сараас хойш газрын тосны экспорт хийгдээгүй байгаа. Бичигтийн боомт хаагдсан. Бид Гадаад харилцааны яамаар дамжуулж Хятадын талд санал тавьж байгаа.

Өнөөдрийн байдлаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д 536 монгол ажилчин, 86 хятад ажилчин ажиллаж байна. Цалин нь шатлалтай, 400-800 ам.долларын цалин авдаг гэдэг мэдээлэл байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Мэдээлэлтэй холбогдуулан “Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Петрочайна Дачин Тамсаг” ХХК Дорнод аймгийн Мэнэнгийн талд 1.3 тэрбум гаруй төгрөгийн байгаль орчин, бэлчээрийн хохирол учруулсан гэдэг дүгнэлт гаргасан юм байна. Энэ дүгнэлтийг ямар үнэлгээ, аргачлалаар гаргасан бэ. Мөн энэ асуудлаар ТВ8 телевизийн бэлдсэн нэвтрүүлгээс Ашигт малтмал, газрын тосны газрын албан тушаалтан өөрөө “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д ажил, бараа үйлчилгээ шахдаг гэдэг ойлголт авсан. Энэ талаар тодруулъя.

МХЕГ-ын Байгаль орчны ахлах байцаагч Нямжав: 2019 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас нэгдсэн шалгалт хийсэн. 1.3 тэрбум гаруй төгрөгийн хохирлын 415 сая төгрөг нь усны нөхөн төлбөр. Хоёр худаг дээл тоолуур тавиагүй байсан. Мөн усны боломжит нөөцийн дүгнэлтээс хэтрүүлсэн ашигласан байсан.

Үлдсэн нь ажилчдын цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хохирол юм. Үүнээс устай холбоотой 2021 оны эцсээр барагдуулсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны ашиглалтын хэлтсийн дарга С.Пүрэвжав: Миний бие 2018 оноос томилогдон ажиллаж байгаа. Томилогдсоноос хойш “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай бизнесийн болон хувийн ашиг сонирхлоор холбогдсон зүйл байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэлгийн шинж чанартай зүйл нийтлэгдсэнд харамсаж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 2014 онд Газрын тосны хуулийг Н.Алтанхуягийн Засгийн газар өргөн барьсан. Уг хуулийн батлуулах ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж гишүүн байсан. Би эдгээр хүмүүсийн нэрийг зүгээр нэг дурдаагүй. Энэ хууль батлагдсаны дараа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д ажилтан нийлүүлэх ажлыг дээр хүмүүстэй нэг нутгийн, бизнесийн хамааралтай хүмүүсээ шахаж эхэлсэн. Нутгийн иргэдийн энд ажиллуулдаггүй. Жилд 8 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашиг хийдэг гэсэн мэдээлэл бий. Үүний цаана маш том сүлжээ байгаа. Хууль хяналтынхан шалгадаггүй.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй танилцаад Монголчуудад ямар ч ашиггүй, хохироосон гэрээ болсон гэж дүгнэж байгаа. Энэ гэрээ Монгол Улсын маш олон хуулийг зөрчсөн. Монгол үйл ажиллагаа явуулж байгаа аль ч аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Гэтэл энэ гэрээгээр нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлсөн, татварын актыг биелүүлдэггүй, шүүхээр явж байгаад хүчингүй болгуулдаг, энэ компанийн гаргаж байгаа газрын тосноос экспортын татвар авдаггүй. Оруулж ирж байгаа техник хэрэгсэл, хоол унд, бараа материалыг гаалийн татварыг чөлөөлсөн. Дотоодоос худалдан хийдэггүй, орон нутгаас ажилтан авдаггүй, хууль хяналтын байгууллагын тавьсан шаардлагыг үл тоодог. Санхүүгийн үйл ажиллагааг нь хянах гэхээр гадаадад данс нээж болно гэж гэрээнд заачихсан. Санхүүгийн тайлан нь зөвхөн хятад хэл дээр байдаг, түүнийгээ шалгуулдаггүй.

Тэгсэн хэр нь манайх 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад, 1.5 тэрбумыг л авсан гэж байна. Үүнээс илүү ашиг олсныг тодорхойлох боломжгүй, зөвхөн айлын талын мэдээллээр явж байна. Тиймээс үүнд онцгой анхаарах ёстой.