Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын гишүүд бүлгийн даргаа чөлөөлж, томилох тухай хуулийн төсөл өргөн барив

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд санаачилсан хуулийн төслийнхөө талаар мэдээлэл хийлээ.

Бүлгийн гишүүн О.Цогтгэрэл “АН-ын бүлгийн долоон гишүүн болон бусад хоёр гишүүний хамтаар Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Манай намын бүлгийн дотоод асуудал их бий. Парламентын сөрөг хүчний бүлэг маань тодорхой асуудлууд дээр байр сууриа нэгтгэх, бодлогын шийдвэр гаргах нөхцөл бололцоогүй зургаан сар боллоо. Энэ хугацаанд АН-ын бүлэг хуралдахгүй, нэг хоёрхон гишүүн бүлгийн өмнөөс шийдвэр гаргадаг, гишүүдийн олонх хуралдаа суугаад шийдвэр гаргахаар бүлгийн дарга тухайн шийдвэрийг хүчингүй болгодог байдалтай явж ирсэн.

Бид УИХ-ын даргад хандаж бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр шаардлага тавихыг хүссэн ч “Хуульд тодорхой заалт байхгүй” гэдэг тайлбар өгч байсан.

Тиймээс бид УИХ дахь намын бүлгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг тодорхой болгосон хуулийн төсөл өргөн барьж байна.

Хуулийн төслийн үзэл санаа бол олонхын шийдвэрийг УИХ-ын дарга чуулганы танхимд сонсгоно. Ингэснээр бүлгийн зохион байгуулалт тодорхой болох юм. Ийм ганц зүйл, заалттай хуулийн төслийг өргөн бариад байна” гэлээ.