Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Хил дээр ирсэн нийтийн тээврийн 70, хүүхдийн 75 автобусыг сарын хугацаанд татан авч, үйлчилгээнд явуулна

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаарх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, үүрэг чиглэл өгчээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын зүгээс танилцуулга хийлээ.

Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн 1,200 орчим тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа. Тиймээс хотод нэн шаардлагатай байгаа тээврийн хэрэгслийн парк шинэчлэлийг хоёр үе шаттай хийж хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсөн.

Нийтийн тээврийн стандартын дагуу байх шаардлагатай тоо хэмжээ нь 1,432 ширхэг автобус гэдгийг Засгийн газарт танилцуулсан. 50 хувийг нь энэ жил шийдээд, үлдсэн 50 хувийг 2023, 2024 онд шийдэж нийтийн тээврийн асуудлыг бүрэн шийдэх чиглэл өгсөн.

2021 оны улсын төсөвт 60 орчим нийтийн тээврийн автобусыг шинээр суулгасан хэдий ч цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл, тээвэр ложистикийн гацалтаас үүссэн асуудал гарсан. 

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд-Эрээн боомтод нийтийн тээврийн 70 автобус ирсэн. 75 хүүхдийн автобус хил дээр ирчихсэн татан авалт хийж байна. Эхнээсээ татан авалт хийж байна. Сарын хугацаанд татан авч үйлчилгээнд явуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 2022 оны төгсгөл гэхэд 975 тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусаж байгаа. Түүний 60 хувь буюу 591 автобусыг төр, хувийн хэвшлийн эдийн засгийн  түншлэлийн хүрээнд олон улсын санхүүгийн дэмжлэгтэй авахаар бэлдээд байна. Олон улсын санхүүгийн зах зээлээс татсан 40 сая орчим ам.долларын зээлийг  хоёр жилийн хугацаанд буцаан төлөх санхүүгийн схем гаргасан. 2022 онд 590, 2023 онд 299, 2024 онд 86, нийт 975 автобусыг шинэчилж дуусах юм" гэв. 

Хотын зүгээс парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 591 автобусыг олон улсын санхүүгийн хэлбэрээр авна. Хоёр жилийн хугацаатай авсан 40 орчим сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг өөрийн ашиглалтаар нь төлж дуусгах санхүүгийн схем гаргасан гэдгийг мөн хэлэв. 

Бичлэг: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1208259886647016