• 7 сарын 1, Баасан
Уншиж байна ...

Өрнөдийн тавьсан хоригийн эсрэг нэгдэхийг Лукашенко холбоотнууддаа уриалжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын (ХАБГБ) гишүүн орнуудын удирдагчдын чуулган Москва хотод эхэлжээ. ХАБГБ нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын цэргийн эвсэл бөгөөд ОХУ, Армени, Казахстан, Киргизстан, Беларусь, Тажикистан улсууд бүрэлдэхүүнд нь багтдаг.

Чуулганыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хамгийн ойрын холбоотон болоод буй Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко нээж үг хэлжээ.

“Хэрвээ бид хүчээ нэгтгэхгүй бол Өрнөдийнхөн хуучин Зөвлөлтийн орон зайд үзүүлэх дарамт шахалтаа улам нэмэгдүүлэх болно” гэж тэр хэлсэн байна.

ХАБГБ-ын гишүүн орнууд нэгдмэл байр суурьтай байж чадвал Орос, Беларусийн эсрэг зарласан Өрнөдийн эдийн засгийн хоригийг ажрахгүй давах боломжтойг Лукашенко энэ үеэр онцолжээ.

Украины дайнтай холбогдуулан Өрнөдийн орнуудын тавьсан эдийн засгийн хоригийн улмаас Беларусь улс жилд $16-$18 тэрбумын экспортын орлогоо алдаж байгааг тус улсын ерөнхий сайд саяхан мэдээлсэн юм.

“Хоригийн улмаас Европын Холбоо, Умард Америкийн зах зээлд гардаг Беларусийн бараг бүх экспорт зогссон” гэж ерөнхий сайд Роман Головченко өнгөрсөн Ням гарагт “Аль Арабия” сувагт ярьжээ.

Лукашенко өнгөрсөн Ялалтын баярын өдөр хэлсэн үгэндээ Нацист үзэл санааг өөгшүүлж, дайныг сунжруулж буй Өрнөдийн орнуудыг хүчтэй шүүмжилж байв.

“Нацизмыг дэмжигчид өшөө авах хүсэлдээ автсан ч Зөвлөлтийн ард түмний үр садтай шууд дайтаж зүрхлэхгүй байна. Тиймээс тэд өнөөдөр Украинд зэр зэвсэг цутгаж байгаа юм” гэж тэр ярьжээ.

Гэхдээ Лукашенко дайнд шууд оролцоогүй Беларусь улсыг эдийн засгийн хоригоор шийтгэснийг буруу гэж үзэж байгаагаа энэ үеэр илэрхийлж байв.

“Дайнд Беларусийн арми оролцоогүйг гадаадынхны хэн нь ч хайхрахгүй байна. Беларусьчууд бид түрэмгийлэгчид биш. Гэхдээ бид ах дүүгийн харилцаат Орос улсын холбоотон, стратегийн түнш хэвээр байж, бүх талаар дэмжих болно” гэж Лукашенко хэлжээ.

1994 оноос хойш улс орноо хатуу гараар захирч байгаа 67 настай Александр Лукашенкогийн гол өмөг түшиг нь ОХУ болоод байгаа юм.

 

Эх сурвалж: Aljazeera