Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Наранжаргал: "73 цаг" бол англи хэл дээр тоглох анхны жүжиг

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"73 цаг" жүжгийн зохиолыг 2004 онд анх бичсэн. 18 жилийн дараа тайзан дээр амилах, амьдрах боломж бүрдлээ хэмээн соёлын гавьяат зүтгэлтэн Н.Болд хурлын эхэнд онцлов.

Тэрбээр "73 цаг" жүжгийн найруулагчаар ажиллаж байгаа бөгөөд тус жүжигт жүжигчин Н.Анхням, А.Төгсбаяр, Д.Батцэгцэг нар гол дүрийг бүтээж, хөгжмийн зохиолчоор "Мөнгөн мод" наадмын шагналт, продюсер О.Чинбат, тайзны зураачаар А.Одонцэцэг нар ажиллаж байгааг танилцуулав.

Тус багийн хамт олон өнөөдөр хэвлэлийн хурал хийж, дараах мэдээллийг өглөө.

Х.Наранжаргал: "73 цаг" жүжгийг АНУ, Европ болон Азийн улсуудад тоглоно

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жүжгийн зохиолч Х.Наранжаргал "Амьдрал бол хөг аялгуу гэж хэлж болно. Амьдралд хайр байхгүй бол хөг аялгуу үгүй. Хөг аялгуу үгүй бол сэтгэл хоосон. Сэтгэл дүүрэн жаргалтай явахын тулд хайр хэрэгтэй. "73 цаг" бол хайрын тухай жүжиг. Мөн англи хэл дээр тоглох анхны жүжиг. Жүжигчид маань итгэл төгс байгаа. Жүжгээ АНУ болон Европын орнууд, Солонгос, Японд очиж тоглоно" гэлээ. 

"Монгол хүн бол байгалиасаа хамгийн "солиотой" үндэстэн. Хэзээ ч америк эсвэл орос, хятад хүн монгол хэл дээр жүжиг тоглохгүй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Найруулагч Н.Болд "Монгол хүн бол байгалиасаа хамгийн "солиотой" үндэстэн. Хэзээ ч америк эсвэл орос, хятад хүн монгол хэл дээр жүжиг тоглохгүй. Үүнийг зөвхөн монгол хүн л хийж чадна. Бидний төсөл бол зөвхөн англи хэл дээр бус гурван хэл дээр тоглохоор төлөвлөсөн. Бид өөрсдийгөө туршиж үзмээр байгаа юм. Дэлхийн театрын урлагийн аль түвшинд байгаа бодитоор мэдэрмээр байна. Кино урлаг хүчтэй хөгжиж, томоохон наадмуудад оролцож тодорхой хэмжээний амжилтад хүрч байгаа.

Тэгвэл театрын уран бүтээлчдэд ямар боломж байна вэ гэдгийг мэдэх зорилгоор энэ "солиотой" төслийг хэрэгжүүлсэн. Хамгийн сонирхолтой нь тайзны уран бүтээлд төдийлөн тоглоогүй уран бүтээлчид цугласан. Гадаадад амьдарч байгаа зөвхөн монголчууддаа биш, тэнд байдаг ард түмэнд тэр хэлээр нь монгол жүжигчид драмын урлагийг яаж хөгжүүлж байгааг харуулах зорилготой" гэлээ.

Жүжигчин Н.Анхням "Хүний амьдралд тохиолдож буй эргэлт ганцхан хором, ганцхан харцнаас шалтгаалж, тэр нь цаашид үргэлжилдэг болов уу гэж би боддог. Манай жүжиг 73 цагийн дотор гарч болох хүний амьдралын эргэлтүүдийг үзүүлнэ" гэв.