Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Батмөнх: Ташуурдана гэдэг нь хүч хэрэглэхээр заналхийлж байгаа үйлдэл. Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд хамаарна

П.Зоригт, IKON.MN
2022 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монголоо Беларусь болгохгүй!" цуглааныг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Ардчилсан Намаас зохион байгуулсан. Энэ үеэр хэсэг иргэд эсэргүүцлээ илэрхийлж, гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил гэх зүйл цацсан байдаг.

Уг үйлдэлтэй холбоотойгоор өчигдөр иргэн Х.Бээжин хэвлэлийн хурал хийхдээ “Тэд дахин жагсаал зохион байгуулбал ташууртай очно. Эхний удаа гурилтай очсон бол дараагийн удаа бид ташууртай очих болно. Энэ ташуураар ороолгож домноно, хүмүүжүүлнэ. Гурил цацдаг үйлдэл бол зүгээр анхааруулга. Болохгүй бол хурц хатуу тэмцлийг хийнэ” гэж хэлсэн.

Хэвлэлийн хурлаар дамжуулж заналхийлсэн агуулгатай үг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд хамаарч байгаа талаар Хуульч Д.Батмөнх хэллээ. Тэрбээр "Ташуурдана гэдэг нь хүч хэрэглэхээр заналхийлж байгаа үйлдэл болно. Бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, өөрт болон түүний ойр дотнын хэн нэгэнд хүч хэрэглэсэн эсхүл хүч хэрэглэхийг заналхийлэх нь Эрүүгийн хууль зөрчсөн үйлдэл юм. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн ангилалд хамаарч байна" гэв. 

Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 

  • 13.5.1.Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
  • 13.5.2.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 13.5.3.1.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж
  • 13.5.3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

хэмээн тус тус заажээ.