Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Renault компанийн үйлдвэрийг Оросын төр нэг рублиэр нийгэмчилж, "Москвич" үйлдвэрлэхээр болжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Украины дайнтай холбоотойгоор Өрнөдийн компаниуд Оросын зах зээлээс гарсаар байгаа. Өчигдөр Францын автомашин үйлдвэрлэгч Renault компани бас ийм алхам хийж байгаагаа зарлажээ.

Renault нь Оросын авто үйлдвэрлэгч АвтоВАЗ компанийн 68 хувийг эзэмшдэг юм. АвтоВАЗын үйлдвэр Москва хотод байдаг. Энэхүү эзэмшлээ Оросын төрийн өмчит НАМИ (научно-исследовательский автомобильный и автомоторный институт) судалгааны хүрээлэнд шилжүүлж өгч буйгаа Renault зарлажээ.

Ингэхдээ бэлгэдлийн нэг рублиэр зарсан гэсэн мэдээлэл ирж байна. Гэхдээ зургаан жилийн дотор эзэмшлээ буцаан худалдаж авах боломжтой байх нөхцөлөөр шилжүүлжээ.

Өөрөөр хэлбэл гадаадын компанийн хөрөнгийг ОХУ-ын засгийн газар нийгэмчилсэн анхны томоохон жишээ Renault болсон байна.

Renault компанийн гүйцэтгэх захирал Лука де Мео “Өнөөдөр бид хэцүү боловч зайлшгүй шаардлагатай шийдвэрийг гаргалаа. Бид Орос дахь 45,000 ажилчныхаа өмнө хариуцлага хүлээж, ирээдүйд энэ зах зээлд буцаж ирэх боломжоо хадгалах сонголтыг хийж байна” гэж мэдэгджээ.

Москва хотын захирагч Сергей Собянин “Москва дахь Renault-ийн үйлдвэрийг хаах шийдвэрийг гадаад эзэмшигч нь гаргасан. Энэ нь тэдний эрх. Гэхдээ бид олон мянган хүнийг ажилгүй болгохыг зөвшөөрөхгүй. Тиймээс би үйлдвэрийг хотын захиргааны мэдэлд шилжүүлж, домогт Москвич брэндийн автомашиныг сэргээн үйлдвэрлэхээр шийдлээ” гэж мэдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл Renault-ийн үйлдвэрийг ашиглан Москвич брэндийн суудлын автомашиныг сэргээн үйлдвэрлэхээр болжээ.

Москвич бол Зөвлөлт Холбоот Улсын үед үйлдвэрлэгдэж байсан автомашин юм. Уг автомашины үйлдвэрлэл 1990-ээд оноос хойш буурсаар 2000-аад оны эхэн үед бүрмөсөн зогсож байжээ.

Оросын иргэдийн дунд энэ шийдвэрийг тойрсон наргиа хошигнол ид яригдаж байна.

Тухайлбал “Renault үйлдвэр 20 жилийн дараа анхны Москвичаа үйлдвэрлэх нь”, “Бид Зөвлөлтийн үе рүү аялдаг цаг хугацааны машин зохион бүтээжээ” гэх зэргээр сошиал орчинд бичжээ.

Гэхдээ олон улсын эдийн засгийн хоригийн улмаас автомашин үйлдвэрлэлд ашигладаг олон тооны эд анги, сэлбэг Өрнөдөөс ОХУ-д нийлүүлэгдэхээ зогсоод байгаа. Тиймээс Москва хотын захирагчийн төлөвлөгөө хэрэгжиж чадах эсэх нь эргэлзээтэй байна.

 

Эх сурвалж: The Guardian