Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

McDonalds компани ОХУ-ын зах зээлээс бүрмөсөн гарахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Америкийн түргэн хоолны аварга сүлжээ McDonalds ОХУ-ын зах зээлээс бүрмөсөн гарахаар болсноо Даваа гарагт зарлажээ.

Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш Өрнөдийн олон компаниуд Оросын зах зээл дэх үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа.

Гуравдугаар сард McDonalds компани ОХУ дахь 62,000 ажилтантай 850 салбарынхаа үйл ажиллагааг зогсоож байгааг зарласан юм.

Харин энэ удаа Орос дахь бүх хөрөнгөө зарж, үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоох болсноо зарлажээ.

“30 гаруй жил үйл ажиллагаа явуулсны эцэст McDonald’s Corporation Оросын зах зээлээс гарч, Орос дахь бизнесээ зарах ажиллагааг эхлүүлж байна” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Мэдэгдэлд “Украины дайнаас үүдэлтэй хүмүүнлэгийн хямрал, зах зээлийн тодорхойгүй нөхцөл байдал нь Оросын зах зээлд бизнесээ үргэлжлүүлэх боломжгүй болгож, McDonalds-ийн үнэт зүйлстэй зөрчилдөж байгаа тул ийм шийдвэр гаргаж байна” гэжээ

Тус компани Орос дахь бүх хөрөнгийг нь худалдаж авах дотоодын бизнес эрхлэгчийг хайж буйгаа зарласан байна.

Худалдан авагч нь McDonalds-ийн нэр, лого, меню, брэнд нэр зэргийг үргэлжлүүлэн ашиглах эрхгүй байх гэнэ.

Оросын зах зээлээс McDonalds компани нийт орлогынхоо 9 хувийг, ашгийнхаа 3 хувийг олдог байжээ.

 

Эх сурвалж: AFP