Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Бүс нутгийн хөршүүд нь Швед, Финланд улсуудыг гаднын халдлагаас хамгаалахаа амлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Украинд Оросын цэрэг халдан довтолсонтой холбоотойгоор Швед, Финланд улсууд олон жилийн турш баримталж ирсэн эвсэлд үл нэгдэх бодлогоосоо татгалзаж, НАТО-д гишүүнээр элсэхээр болоод байгаа.

Эдгээр улсууд Умард Атлантын Цэргийн Эвсэлд нэгдэх нь үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулах боломж гэж үзэж байна.

Гэхдээ НАТО-д элсэх үйл явц нэг жил хүртэл хугацаанд үргэлжлэх юм.

Оросын эрх баригчид Швед, Финланд улсуудын шийдвэрийг эсэргүүцэж, хариу арга хэмжээ авахаар сүрдүүлээд байгаа.

Тэгвэл Швед, Финланд улсууд НАТО-гийн гишүүн болохоосоо өмнө гаднын халдлагад өртвөл цэргийн тусламж үзүүлэхээ тэдний хөрш Норвеги, Дани, Исланд улсууд амлажээ.

“Манай Умардын хөршүүд НАТО-гийн гишүүн болохоосоо өмнө гаднын халдлагад өртвөл Дани, Исландын хамт Норвеги улс бүх талын тусламж үзүүлэх болно” гэж Норвегийн ерөнхий сайд Йонас Гар Стёре өчигдөр мэдэгджээ.

Дани, Исланд, Норвеги улсууд нь НАТО-гийн үүсгэн байгуулагч орнууд бөгөөд 1949 онд гишүүнээр элссэн юм.

Швед, Финланд, Дани, Исланд, Норвегийг хамтад нь Умард Европын (Nordic countries) орнууд гэдэг.

 

Эх сурвалж: Reuters