• 6 сарын 28, Мягмар
Уншиж байна ...

"Улаанбаатарт автомашины зогсоол нь хангалтгүй байхад ачихаа түрүүнд тавьдаг нь буруу"

Д.Тэмүүлэн, ikon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагууд өнөөдөр иргэдээс ирүүлсэн гомдол саналыг шийдвэрлэж, Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллав.

Иргэдээс газрын маргаан, барилгын зөрчилтэй холбоотой асуудал олон ирсэн гэдгийг Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.

 "Иргэд ихэвчлэн газрын асуудал, барилгын зөрчилтэй холбоотой асуудлаар ирж санал хэлж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр “Өнөөдөр хотын бүх удирдлага 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэх арга хэмжээг авч байна. Өнөөдөр өмнөх уулзалтуудаас харьцангуй олон хүн ирсэн.

Улаанбаатарт Монгол Улсын тал хүн ам нь оршин суудаг хот учраас иргэдэд тулгамдаж буй асуудал нь олон, тэр хэрээр санал хүсэлт их байна.

Өнөөдөр ирж уулзсан иргэд ихэвчлэн газрын асуудал, барилгын зөрчил, нийгмийн болон эрүүл мэндийн тусламжтай холбоотой санал хэллээ.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийн тавьсан асуудал, саналд долоо хоногийн дотор судлаад хариу өг гэсэн үүргийг хариуцсан албан тушаалтнуудад өгч байгаа" гэлээ.

"Зогсоолын асуудлаа шийдээгүй байж иргэдийн автомашиныг ачихаа түрүүнд тавьдаг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тус төв очиж, гомдол саналаа хэлж буй иргэдийн төлөөлөл “Улаанбаатарт хамгийн их тулгамдаж байгаа зүйл нь автомашины зогсоолын асуудал. Зогсоолоо бүрэн, хангалттай шийдээгүй байж ачаад явдаг байдал нь буруу.

Иргэд үйлчилгээ авах гэж аль нэг газарт зорьж очиход зогсоол нь хангалттай биш байгаа учраас зөвшөөрөөгүй газар автомашинаа түр байрлуулж байгаа.

Гаднын улсуудад давхар зогсоол ч байрлуулсан байдаг. Гэтэл манайд зогсоолын асуудлаа шийдээгүй байж иргэдийн автомашиныг ачихаа түрүүнд тавьдаг.

Зарим байгууллага зогсоол руугаа оруулаагүйн улмаас автомашинаа ачуулсан тохиолдол ч гардаг. Зогсоолын хүрэлцээгүй байдал нь түгжрэлд нөлөөлж байгаа нэг том шалтгаан учраас энэ талаар санал, гомдлоо хэлэхээр ирээд байна” хэмээн ярилаа.

"Тусгай хэрэгцээнээс гаргаагүй энгийн иргэдэд эзэмшүүлэх боломжгүй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн удирдлагын төлөөлөл "Иргэд ихэвчлэн газрын асуудалтай холбоотойгоор холбогдож байна. Мөн зарим нь шахмал түлш болон зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгаж байгаа газар чөлөөлөлттэй холбоотой санал ирүүлж байна.

Газрын асуудлын тухайд, иргэд Туул голын ундны усны хамгаалалтын газар, Богдхан уулын дархан цаазат тусгай хэрэгцээний газар, төмөр замын хамгаалалтын бүс, голын ай сав газрууд гээд хуулиар хамгаалагдсан бүсэд хашаа татсанаар газрын гэрчилгээ нь гарахгүй байх тохиолдол бий.

Энэ тохиолдолд тухайн газрыг тусгай хэрэгцээнээс гаргахгүй бол энгийн иргэдэд ахуйн зориулалтаар эзэмшүүлэх боломжгүй гэсэн үг.

Харин зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгахдаа чөлөөлөх, буулгах зардал гэж иргэдэд өгдөггүй. Иргэд гарааш буулгаж газар чөлөөлөхөөс өмнө дээврийн хучилтаа, хаалгыг нь аваад явж байгаа" гэв.