Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор зуслангийн бүсэд хогийн цэг үүсэж байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 11 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 80.8 хувьтай байв. Тухайлбал, хөрөнгө оруулалтаар хэрэгжих ажлуудын газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх үүрэг өгсөн. 2021-2022 он дамжин хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлын 59 байршилд газар чөлөөлж байгаагаас 19-ийнх нь газар чөлөөлөлт бүрэн дуусаж, дуусах шатандаа орсон 10 байршил байна. Харин 2022 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлаас 62 байршилд газар чөлөөлөхөөс 12 нь бүрэн дуусжээ.

77 ГА ТАЛБАЙД ЦЭВЭРЛЭГЭЭ, УРГАМАЛЖУУЛАХ АЖИЛ ХИЙВ

Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлуудыг тогтмол зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, 1,092 аж ахуйн нэгжийн 1,700 гаруй ажилтан хамрагдаж, байгууллагынхаа ойр орчмыг цэвэрлэж, 105 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хаяжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах үүрэг өгсөн. Тэгвэл 77 га талбайд цэвэрлэгээ, ургамалжуулах ажил хийжээ. Мөн Хот тохижилтын газар 52.9 га талбайн арчилгаа, цэвэрлэгээг хийв.

Мөн дүүргүүдийг өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа усан оргилууруудыг тавдугаар сарын 20-ны дотор ажиллуулах үүрэг болгосон. Тэгвэл нийт 31 усан оргилуурын засвар, шинэчлэлийн ажил 30-75 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд барилга, байгууламжтай холбоотой өргөдөл хамгийн олон буюу 12 хувийг эзэлж байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт сайжирч байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга онцолж байлаа.

УРИН ДУЛААНЫ УЛИРАЛ ЭХЭЛСЭНТЭЙ ХОЛБООТОЙГООР ХУР ХОГИЙН ЦЭГ ҮҮСЭЖ БАЙНА

Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, явган хүний замын тэмдэглэгээ, орц, гарц, сургууль орчмын хурд сааруулагч, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх талаар ямар ажлууд хийж байгааг дүүргийн удирдлагуудаас Хотын дарга тодруулсан. Дүүргийн удирдлагууд хүүхдийг эрсдэлээс хамгаалах, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа ч дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хур хогийн цэг үүсэж байгааг онцолж байв. Мөн гарааш чөлөөлөлтийн ажлууд эрчимтэй үргэлжилж байгааг хэлж байлаа. Тухайлбал, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Найман хороонд иргэдтэйгээ хамтран тохижилтын ажил хийж байна. 100 гаруй гарааш буулгаж, иргэдийн оролцоотой ногоон байгууламж байгуулахаар зорьж байгаа. Ингэснээр ногоон байгууламжаа 30 хувиар нэмнэ гэж тооцсон. Хороо бүрээс 40 иргэнийг иргэний бүлэг болгон ажиллуулж, 360 хүн ногоон байгууламж, тохижилт, хог цэвэрлэгээнд ажиллаж байна. Гэрэлтүүлэг, ногоон байгууламж, тохижилтын ажил хэвийн үргэлжилж байгаа” гэсэн бол Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хур хогийн цэгүүд үүсэж байна. Хүй 7 худагт л гэхэд зургаан төвлөрсөн хогийн цэг үүссэнийг өөрсдийн дотоод нөөц бололцоогоор цэвэрлэсэн. Төвлөрсөн 500 гараашийг чөлөөлж, бүтээн байгуулалт хийхэд бэлэн болсон” хэмээв.

Баянзүрх дүүргийн хувьд сургууль орчмын аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллаж байна. Мөн 160 мянга гаруй мод тарихаар төлөвлөжээ.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аян зохион байгуулж, эрсдэлтэй газруудаа тодорхойлон,  аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласан. Хог хаягдлын хувьд хүний нөөц хомсдож, машин, техник эвдэрч байна. Ачигч, жолооч нар барилгын ажил эхэлсэнтэй холбоотойгоор өндөр цалин амласан газар ажиллаж байгаа. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор зуслангийн бүсэд хогийн цэг үүсэж байна. 500 гаруй хашаа, хайсыг буулгаж, ногоон хайс тарах ажлыг эхлүүлсэн” гэв. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайд ТҮЦ байгуулж байгаа хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгааг ч хэлж байлаа.

Хотын дарга бизнес эрхлэгчдээ дэмжиж байгаа хэдий ч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж болохгүй гэдгийг тодотгов.