Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн покерын аварга шалгаруулах тэмцээнийг Монголоос найман хүн зорино"

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Матч покерын холбооноос тав дахь удаагийн Дэлхийн аваргын тэмцээнийг Македони улсын Гевгелияа хотод тавдугаар сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Тив дэлхийн эрх авсан 14 баг дэлхийн аваргын төлөө өрсөлдөх аж.

Тус тэмцээнд Монголын чөлөөт покер спортын холбооны шигшээ багийн тамирчид оролцох талаар өнөөдөр тус холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын Чөлөөт покер спортын холбоо 2009 онд Монголд покерын спортыг хөгжүүлэх, мэргэжлийн тамирчид бэлтгэн гаргах зорилготойгоор байгуулагдаж, 2021 онд олон улсын матч покерын холбооны (IFMP) гишүүнээр элсжээ.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Покерын холбооны төлөөлөл "Олон улсын матч покерын холбоо нь олон улсын олимпын хорооны дэргэдэх Дэлхийн допингийн эсрэг байгууллагын гишүүнчлэлтэй. Энэ нь покерыг оюуны спорт мөн болохыг баталсан баталгаа юм.

Монголын шигшээ баг 2021 онд Азийн хэсгийн тоглолтоор БНСУ, Тайвань, Израил, Сингапур, Филиппиний хүчтэй багуудыг ялж хэсгээсээ нэгээр шалгарч, дэлхийн аваргын эрх авсан. Энэ нь Монголын покерын спорт сонирхогч оюуны спортоор өндөр амжилт гаргах боломжтойг харуулж байна. Энэ удаа Монголын шигшээ баг Дэлхийн аваргын тэмцээнийг наймуулаа зорино.

Матч покер нь багийн төрлөөр тоглодгоороо онцлогтой бөгөөд багийн гишүүний нийлбэр дүнгээр ялагч тодордог. Энэ нь тухай төрлийг илүү нарийн, спортын төрөл рүү чиглүүлж байдаг давуу талтай. Покер нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн оюуны спортын төрөл бөгөөд тоглогчдоос математик сэтгэхүй, тооцоолон бодох чадвар, ой тогтоолт, логик сэтгэхүй, магадлалын онол, сэтгэлзүйн ур чадвар, покерын онолын мэдлэг гэсэн олон чадварыг шаарддаг бөгөөд аз сорьсон тоглоом биш мэргэжлийн ур чадвар, туршлагаар ялалт байгуулдаг спорт юм. Харамсалтай нь манайд энэ спортыг буруугаар ойлгож мөрийтэй тоглоом, муу муухай зүйл гэж харж байдаг нь энэ спорт хөгжихөд саад болж байна" гэв. 

Үргэлжлүүлэн "2000 оноос Мөрийтэй тоглохыг хориглосон хууль гаргаж одоог хүртэл мөрдөж байгаа боловч мөрийтэй тоглох хүмүүсийн тоо буурах биш улам ихсэж байна. Холбооноос хийсэн судалгаагаар олон улсын сайтууд дээр гишүүнчлэлтэй 38,000 тоглогч, хувиараа найз нөхдөөрөө тоглодог хүмүүсийг нийлүүлж үзвэл албан бус тоогоор 200,000 хүрэх тооны хүмүүс тоглож байгаа нь энэхүү хуулийг эргэн харж хориглох бус зохицуулах цаг нь болсныг харуулж байгаа. 

Мөрийтэй тоглоомыг хориглож далд байснаар хууль бус мөрийтэй тоглоом, залилан, бүлэглэн, луйвардах, дээрэмдэх замаар иргэдийг асар их мөнгөөр хохироож байгаа нь өнөөдөр бидний өмнө ил байна. Бид покерын спорт сонирхогчдын эрх ашгийг хамгаална хэмээн мэдээллийн төгсгөлд онцлов.